Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс 2024 оны элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын талаар өнөөдөр (2024.02.19)  мэдээлэл өглөө.

Тодруулбал, коллеж, Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр (2024.02.19) эхэлж байгаатай холбоотойгоор энэ жилийн элсэлтийн шалгалт хэрхэн яаж, ямар журмаар явагдах талаар мэдээллийг БҮТ-өөс өглөө.

Энэ жилийн хувьд ерөнхий боловсролын  сургуулийн 12 дугаар ангийг 35,485 суралцагч сурч төгсөж байна. Үүн дээр өмнөх оны шалгуулагч нэмэгдэж ордог бөгөөд дунджаар таваас зургаан мянга орчим хүмүүс байдаг. Тэгэхээр энэ жилдээ 40,000 орчим шалгуулагч хамрагдана гэсэн урьдчилсан тооцоолол гарсан байна.

Засгийн газрын  37-р тогтоолын дагуу элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бүх шалгуулагчид Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. Монгол хэл, бичгийн шалгалтын үндэсний хэмжээний босго оноо 400 байна. Харин шалгуулагч “Монгол хэл, бичгийн шалгалт”-ын босго онооны болзол хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болно.

Гэхдээ “Монгол хэл бичгийн бичгийн”-ын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд их сургуульд элсэхгүй юм. 

 Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэлийн хугацаа нь 2024 оны хоёрдугаар сарын 19-ний 09:00 цагт нээгдэж, 2024 оны гуравдугаар сарын 15-ны 18:00 цагт хаагдана.

Шинээр мөрдөгдөж буй Боловсролын ерөнхий хуульд Элсэлтийн ерөнхий шалгалт гэх нэршлийг өөрчлөн “Элсэлтийн шалгалт” болгожээ. Элсэлтийн шалгалт долоо дугаар сарын 4-нд эхэлж, долоо дугаар сарын 7-нд дуусах юм.

Элсэлтийн шалгалтыг хуучин зарчмаараа буюу монгол хэл, англи хэл, физик, математик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, хими гэсэн 10 хичээлээр авна. Тухайн суралцагч аль сургуульд, ямар мэргэжил, хөтөлбөрөөр элсэхээс хамаарч хамгийн багадаа хоёр, ихдээ 10 хичээлийг өөрийн хүссэнээр сонгож өгөх боломж нээлттэй ажээ. Нэг хичээлийн шалгалтын бүртгэлийн хураамж 5800 төгрөг байх талаар хурлын үеэр мэдээлэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалт өгөхдөө бүртгэлийн хугацаанд холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн суралцаж буй сургуульдаа, эсвэл БҮТ-д хандан хүсэлтээ гаргах бөгөөд тухайн иргэний хөгжлийн хэрэгцээ шаардлагад тохируулан тусгайлан бэлтгэсэн анги танхимд даалгаврын агуулга, цагт зохицуулалт хийж шалгалтын тусгай орчин бүрдүүлж авах талаар журам болон удирдамжид тусгайлан зааж өгчээ.

Мөн олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг хөтөлбөрүүдийн шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлнэ. Дүйцүүлэх хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 1-нээс 05 дугаар сарын 31-ний хооронд БҮТ-ийн сайтаар дамжуулаж хүлээж авах юм байна.

Э.НОМИН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу