Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сард дунджаар 3.5 мм хур тунадас орсон. Олон жилийн дунджаас 2 дахин их хур тунадас орсон ба 2010 оноос хойш тохиолдож байгаа хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө.

Одоогийн байдлаар 20 аймгийн 160 гаруй суманд төмөр зудтай байна. Засгийн газар, Онцгой байдлын газар, УИХ-ын гишүүд, бусад холбогдох яам, тамгын газрууд бүгд л аль чадахаараа хүн хүчээ дайчлан ажиллаж буй. Нийслэлээс, хөдөө орон нутгаас гээд эрвийх дэрвийхээрээ хандив өргөн, бэрх цагийг хохирол багатай даван туулахын төлөө зүтгэж байна.

Баянхонгор, Төв, Сүхбаатар, аймгуудад 1975 оноос хойш хамгийн их цас орсон байна. Мөн хоёрдугаар сард нийт нутгаар олон жилийн дундажтай харьцуулахад Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Төвийн ихэнх нутаг, Булган, Дундговь, Дорноговь, Хэнтийн зарим сумдын нутгаар 1.2-3.6 дахин их цас орлоо. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хэнбугай ч өвдөг сөхөрч байгааг бид харлаа.

Энэ үед утсаараа хөдөөд орсон цаснаас ч зузаан, хүйтэн үгс чулуудан суугаа хүн олон байх юм. Эмзэглэм. Суурин газрын иргэдийн хэлсэн үгэнд нэг ч малчин гомдож хариу хэлсэнгүй. Нэг ч малчин “Бид хэцүү байна, ирээч та нар” гэсэнгүй.

“Өвлийн бэлтгэл хангалтгүй байлаа”, “Залхуугийн зуд” гэх мэт үгс харсандаа гол зурж, өөрсдөөсөө ичих мэт боллоо. Бидний багад бүгдэд нь багш нар хэлж захиж байсан биз. “Зудын эсрэг хамтдаа” гээд л чадахаараа нэмнээ оёж, лаа шүдэнз цуглуулж явуулдаг байсан. Малчин айл байж гэмээнэ бид өнөөдөр идэх хоолтой байна гэж захиж байсан санагдана. 

300 орчим малчин өрх өнөөдөр байгаль дэлхийн нэгэн том шалгууртай нүүр тулж, нүцгэн гараараа цас малтаж, хөлдсөн малаа овоолж сууна. “Орчин үеийн техник технологийг ашиглаж хөдөөг жаахан амьдралтай болгоё” ухааны юм яриад сууж байгаа хотынхон өвлөгдөн ирсэн цор ганц “ондоошил”-оо мартсан бололтой. Малчин монгол ухаан хэдийд ч, хэнээр ч заалгаагүй өнөөдрийг хүрсэн. Фермерийн аж ахуй бол бүр анги, тусдаа зүйл.

Монгол Улсын эдийн засгийн 12.8 хувийг дангаараа эзэлдэг хөдөө аж ахуйн салбарын 91 хувийг мал аж ахуй эзэлдэг. Ингээд бодохоор малчид зүгээр суугаагүй байх нь. 2023 онд гэхэд 695 ам.долларыг мах, махан бүтээгдэхүүнээс олж, төсөвт төвлөрүүлсэн байдаг. Уул уурхайтай зэрэгцэх энэ том аж ахуйн салбарын гол хүчин зүйл мал, малчин өнөөдөр байгалийн хатуутай нэгийгээ үзэж буй.

Мэдээж эдийн засгийн болон бусад нөлөөлсөн хүчин зүйлс олон бий. Адаглаад өнгөрсөн намар бензин, түлш тасалдаж, өвс, тэжээлийн үнэ тэнгэрт хадаагүйсэн бол одоогийнхоос хэд хоногийн өвс илүү базаачих байсан биз. Төр харин ч өнөөдрийг хүртэл ямар ч дорвитой бодлогоор малчин уламжлалаа дэмжээгүй.

“Нийгмийн даатгалын 50 хувийг нь төр даана” гэсэнд нийгэм тэр чигээрээ хүүе, хаая гэцгээж байсан. Гаргаж байгаа авираа  бодохоор “унасан дээр нь дэвсэлдэг” их муухай зантай болж, бид. Одоо цаг, зуд турханд энэ зангаа л түр гээцгээе.

Улсын онцгой комиссоос орон нутагт нэн шаардлагатай өвс, тэжээлийг улсын нөөцөөс  олгож, Байгаль орчны яамнаас зэрлэг амьтдад тавьж өгөхөөр нөөцөлсөн байсан өвсөө ч малчдад тарааж буй. Зарим гишүүд, урлагийнхан ч энд тэнд чадахаараа тусалж яваа.

Нийслэл хотоос өчигдөр (2024.02.19) хөдөлсөн тусламжийн цувааны дэргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ийм хүнд хэцүү цагийг далимдуулж улс төр битгий хийгээрэй” хэмээн хэлж харагдсан. Ард иргэдийн магтаал сайшаал дунд тэмтэрч яваа ч улс орныхоо төлөө нэгдмэл нэг үзэл баримтлалыг хөндсөн нь арай өег санагдав. Үнэхээр байгаль дэлхий шуураад өнгөрсөн тал нутгийг бид яалтай.

Хавар цаг дөнгөж эхэлж байна. Үүнээс цааш хүйтний эрч суларлаа гэж бодоход хаврын хавсаргад ядарч туйлдсан хүн, мал дахиад л нэрвэгдэх нь ойлгомжтой. Ядаж өвс, тэжээл, хашаа хорооноос нь элбэлцээд өгч чадахгүйгээс хойш, хошуугаа түр татаж сууцгаая даа, нийслэлийнхэн минь.

Урин цагаар инээгээд зориод очих нүүртэй байх хэрэгтэй. Дэлхийд ганц нэрээ авч үлдсэн зүйл маань “малчин монгол айл” л болохоос биш, хятад хувцас өмсөж, европ машин унасан мэдлэггүй хэнхэг хүн биш шүү дээ.

Бичин жилийн их зудыг бидний өвөг туулаад л гарчээ. Өнөөдрийг хүртэл энэ мэтчилэн цагийн хатууг туулсаар л ирж. Салхинд сэмэрсэн хувцастай байлаа ч өнөөх үнэн бодит, эрхэм ахуйгаа хадгалсаар яваа нь тэр. Бид нэгэн бодлын дэндүү хатуу болж байна, эсвэл мунхаг.

Монгол малчдаа Хятад, Өвөрмонголын малчинтай ч мөн харьцуулж харагдана лээ. Тэд бол малын буян заяанд онож төрөөгүй дэндүү харгис ард түмэн. Өлсөж үхэхгүйн тулд тэрбум ходоодны хоол болгох гэж төрөөс нь тэжээдэг. Түүнтэй харьцуулж чичлүүлэхийг зөвшөөрөмгүй.

Байгаль дэлхий, цаг агаар, цаг хугацааны хатуу ааш аягаас хэн ч, юу ч мултарч чадахгүйг харж байна. Өнөөдөр байдал нэгэнт ийм болсон байхад илүүцийг ярьж, ихэрхэж дээгүүр харахаа больж сурцгаая. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу