Ардчилсан намаас өнөөдөр (2024.02.20)  “Амь нэгтэй монголчууд” аяныг улс орон даяар өрнүүлэх талаар мэдээллээ.

“Монголын МАА-н салбарт даатгалын тогтолцоо алга”

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-Сүүлийн жилүүдэд Монголын ХАА-н салбарт аргацаасан бодлогууд асар их явснаас болж аливаа эрсдэлд бэлтгэлгүй нөхцөл байдалд ирж байна. Яг одоогийн цаг агаарын байдал Монголын малчдаас авч байгаа шалгалт биш, Монголын төрөөс авч байгаа шалгалт. Бид бэлэн байгаа эсэхээ шалгуулж, унаж байна. Сонгуулийн санал авахын тулд маргаашийг биш зөвхөн өнөөдрийг харж, аргацааж ирсний хар гай өнөөдөр тулгарч байна.

Улаанбаатар хотын иргэдийг махаар хангахын тулд махны үнийг барьж, экспортод гаргах боломжуудыг хааж, малчдыг орлогогүй болгосон. Малчид орлогогүйгээс хашаа хороо, өвс тэжээлээ хангаж чадахгүй байна. Монголын мал аж ахуйн салбарт урт хугацаанд бодлогын том өөрчлөлт хийхийг өнөөдрийн нөхцөл байдал шаардаж байна.

Аль ч салбарт эрсдэл гардаг. Үүний цаана даатгалын тогтолцоо байдаг. Монголын МАА-н салбарт даатгалын тогтолцоо алга, орлого олдог боломжуудыг бүгдийг нь хааж боомилсон.

“Хотын монгол, хөдөөгийн монгол гэж байхгүй”

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:

-Мал аж ахуйн салбар үндсэндээ гамшгийн байдалд орчихлоо. Малаа алдсан малчдын сэтгэл санаа, эрүүл мэнд, нийгмийн асуудал ч мөн эрсдэлд орлоо. 

Олон мянган мал хорогдсоноор зөвхөн малчид эрсдэлд ороогүй. Монгол Улс тэр аяараа эрсдэлд орж байгаа хэрэг. Хотын монгол, хөдөөгийн монгол гэж байхгүй. Одоо бид нэгдэж, гамшгаас гарах шийдлийг л ярих цаг.  Малаа алдсан иргэдэд төрөөс халамжийн бодлого явуулна. Тэр үед одоогийнхоос ч илүү зардал гарна. Мөн хотоос хөдөө рүү иргэдийг чиглүүлэх бодлого чинь яг эсрэгээрээ эргэнэ шүү. 

2000 онд нийслэлийг чиглэсэн их нүүдэл болсон. 2024 онд ч давтагдах магадлал маш өндөр байна. Монголчуудын хүнсний хэрэглээ бүхэлдээ эрсдэлд орж байгаа энэ цаг үед монголчууд бүгд нэгдэж, хөдлөх хэрэгтэй. Эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй хамтарч, энэ асуудалд орох хэрэгтэй байна.

Малчдын гар дээр ямар ч мөнгө алга. Үхсэн ноолууртай ямаагаа өгөөд, нэг боодол өвс, нэг шуудай хивэг авч байна. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгээс зудын үед авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачиллаа. Тогтоолын төсөлд:

  1. Зудын аюултай тэмцэх, хор уршгийг бууруулах ажлыг эрчимжүүлэх тусгай бодлого, төлөвлөгөөг нэн даруй боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх
  2. Малчин иргэдийн арилжааны банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх
  3. Малчин иргэдийн малын хөлийн татвараас 2-оос доошгүй жил чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх
  4. Дээрх арга хэмжээнүүдийг авахын тулд 2024 оны төсөвт тодотгол хийх зэрэг асуудлыг тусгажээ.

“Үхсэн мал босохгүй. Одоо хүнээ аврах л үйл ажиллагаа хэрэгтэй”

УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:

-Өнөөдөр Мэнэнгийн талд Монголын бүх адууны тал нь байна. Сая гаруй мал тэнд хөл толгойгоо алдчихсан байдалтай байна. Хээрийн штаб байгуулаад өгөөч ээ гэж дөрвөн сарын өмнө хэлсэн. За л гэсэн. Одоо хүртэл байхгүй. 40 км замыг Камаз машин 10 цаг туулдаг л нөхцөл байдалтай байна. Айлыг яндангаар нь л олох боломжтой их цастай байхад бог мал яаж тэсэх вэ.

Бид гэнэт л уран цэцэн үг хэлээд байгаа юм биш. Өнгөрсөн арваннэгдүгээр сард орсон цасны дараа анхны мэдэгдлээ хийсэн. УИХ-ын чуулган дээр 30 гаруй удаа хэлсэн. Хэн ч тоогоогүй. Ардчилсан намын, ард түмний хэлсэн үгийг нохой хуцсан чинээ тоодоггүйн гай энэ шүү дээ.

Одоо хавар сонгууль болох гэж байна. Бүгд л тойрогтоо оччихсон, ногоон машины тэвш дээрээс жаахан жаахан хивэг тарааж байна. Нэгэнтээ тарга тэвээргээ барчихсан, хэзээ мөдгүй гол нь тасрах гэж байгаа малд тэр хивэг очоод яах юм бэ. Малчид өрөнд баригдсан, идэх хоолгүй, түлэх түлээгүй болсон байна. Малчдыг өр зээлээс гаргах хэрэгтэй. Асуудлын гарцыг хэлэлцэж олох нь тулгамдсан асуудал болоод байна. 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ыг яаралтай ээлжит бусаар хуралдуулж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцэж, Засгийн газар шаардлагатай хөрөнгө төсвийг гаргаж өгөх хэрэгтэй хэмээн хэвлэлийн хурлын төгсгөлд дахин дурдлаа. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу