OpenAI компани хэдхэн хоногийн өмнө Sora хэмээх хиймэл оюун ухаан танилцууллаа. Sora нь хэрэглэгчээс оруулсан мэдээллийг ашиглан, нэг минут хүртэлх хугацаатай, өндөр чанартай видео бүтээх юм.

OpenAI компани өмнө ChatGPT болон DALL-E зэрэг хиймэл оюун ухааныг хэрэглээнд нэвтрүүлсэн. Sora энэ төрлийн анхны хиймэл оюун ухаан биш хэдий ч өндөр чанартай, нэг минут хүртэлх хугацаатай видео бүтээдгээрээ онцлог болоод байна.

Өдгөө зөвхөн виртуал зураач, дизайнер, кино найруулагч зэрэг мэргэжилтнүүдэд санал болгож, хөгжүүлж байгаа юм. Тус компани “Sora”-г танилцуулснаасаа хойш түүний онцлогийг харуулсан цөөн тооны хэдэн жишээ байршуулсаныг танилцуулъя.

“Мэдээлэл: 2056 онд Нигерийн Лагос хотын хүмүүсийг харуулсан үзэсгэлэнтэй видео. Гар утасны камераар авсан. Өнгө өнгийн хувцастай хүмүүс ярилцах бөгөөд бичлэгийн төгсгөлд жаргаж буй нарыг харуулна”. Энэхүү текстийг оруулснаар дээрх видео бүтсэн байна.
Мөн доорх эмэгтэйн алхаж буй видео бичлэг ч мөн өгөгдсөн мэдээллээс бий болсон гэвэл та итгэх үү?
“Мэдээлэл: Хаяг, тэмдэглэгээгээр дүүрсэн неон гэрэлтэй Токиогийн гудамжаар загварлаг эмэгтэй алхана. Тэрээр хар савхин хүрэм, урт улаан даашинз, хар гутал өмсөж, хар цүнх барина. Тэр нарны шил зүүж, уруулаа улаанаар будна. Тэр өөртөө итгэлтэй, хайхрамжгүй алхдаг. Гудамж чийгтэй, цацруулагчтай тул гэрлийн толин тусгал үүснэ. Эргэн тойронд нь олон явган зорчигч тойрон алхана”
Мэдээлэл: Үзэсгэлэнт цастай Токио хотод хөл хөдөлгөөн ихтэй байна. Хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар камер цастай сайхан цаг агаарт зугаалж, дэлгүүр хэсэж буй хэд хэдэн хүмүүсийг дагаж явна. Гайхамшигтай сакурагийн дэлбээнүүд цасан ширхэгүүдийн хамт салхинд хийсэж байна.
Хиймэл оюун ухаан ашиглан видео бүтээх нь гайхалтай зүйл боловч үүсэж болох эрсдэлийг тооцох нь зүйн хэрэг. Хэрэглэгчийн оруулсан бичвэр мэдээллийг ангилан, хүчирхийлэл, порнографик, үзэн ядсан зураглал, алдартнуудын дүр төрх ашиглах гэх мэт ёс бус агуулгатай видео бүтээхийг хүссэн тохиолдолд хүлээж авахгүй хэмээн OpenAI компани мэдэгдсэн. Мөн шинээр үүсгэсэн видео бүрийг хэрэглэгчдэд хүрэхээс өмнө шалгаж байхаар болсон байна.
Бид хэдэн үг бичээд, дахин давтагдашгүй видео бүтээх боломжийн тухай ярьж байна. Үүнээс хиймэл оюун ухаан улам хөгжингүй, бас аюултай болж байгааг харж болно. Бидэнд хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн кино үзэх нь цаг хугацааны асуудал болоод байна.
Та ийм кино үзэхэд бэлэн үү?
Ч.ДАШДОРЖ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу