ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд Оросод үйлдвэрлэсэн автомашин бэлэглэжээ. Энэ талаар Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA) мэдээлсэн байна. Гэвч ямар үйлдвэрийн, ямар загвартай автомашин болох талаар тодорхой мэдээлээгүй ажээ.

KCNA-ийн тэмдэглэснээр, Ким Жон Унд зориулсан бэлгийг хоёрдугаар сарын 18-нд түүний дүү, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн дэд дарга Ким Ё Жон, Нарийн бичгийн дарга Пак Чон Чон нар хүлээн авсан байна.

Ким Ё Жон “Энэхүү бэлэг нь “хоёр орны удирдагчдын хооронд тогтоосон онцгой найрсаг харилцааны тод нотолгоо” бөгөөд “хамгийн сайн бэлэг” гэж тэмдэглээд, Путинд талархал илэрхийлжээ.

ОХУ-ын удирдагч Путин 2023 оны есдүгээр сард Ким Жон Уныг “Восточный” сансрын буудалд ирэхэд “Aurus”-ыг үзүүлсэн байна. Яг энэ машинаар Путин уулзах газраа хүрэлцэн иржээ.

Ким Жон Ун эхлээд машиныг гаднаас нь, дараа нь дотроос нь шалгаад, зорчигчийн арын суудалд суусан байна. Үүний зэрэгцээ Путин хамтрагчдаа машины онцлог шинж чанаруудын талаар ярьжээ.

Хожим нь тэд хоёр дахь автомашин буюу өөр загварын “Aurus”-д шилжин суусан бөгөөд Хойд Солонгосын удирдагчид Оросын автомашинуудын цувралаас седан, лимузин хоёрыг хоёуланг нь сонирхох боломж олгосон аж.

Ким Жон Уны хувьд ихэвчлэн “Maybach” лимузин ашигладаг байна.

“Риа Новости” агентлагийн мэдээлснээр, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Путин БНАСАУ-ын удирдагчид ОХУ-д үйлдвэрлэсэн “Aurus” автомашин бэлэглэсэн” гэж мэдээлжээ.

Aurus – ОХУ-ын анхны тансаг зэрэглэлийн автомашины брэнд юм. Aurus-ийн хувьцаа эзэмшигчид: FSUE NAMI (63.5 хувь), АНЭУ-ын Батлан ​​хамгаалах, аюулгүй байдал, хөгжлийн сан Тавазун (36 хувь), Соллерс (0.5 хувь) ажээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу