Яамдаас зуны цагийн хуваарьт шилжих эсэх талаар санал авч эхэлжээ. 

Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гуравдугаар сарын 17-ны 597 дугаар албан бичгээр холбогдох газруудад санал авахаар хүргүүлжээ.

Тус албан бичигт “Зуны цагийн хуваарьт шилжих тогтоолын төсөлд санал авахаар хүргүүлж байна. Судлан үзэж саналаа яаралтай ирүүлэхийг хүсье” гэсэн байна.

Энэ талаар тэрбээр “Зуны цагийн хуваарьт шилжих эсэх талаар яамдаас санал авч байна.

Урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь хөдөлмөрийн бүтээмж, эрчим хүчний хэмнэлт, эдийн засгийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг. Хичээлийн амралт эхлэхтэй уялдуулан хөдөлгөвөл гэдэг үүднээс санал авч байна” гэжээ.

Сануулахад, 2015 онд Засгийн газрын тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн тухайн жилийн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Бямба гарагийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулдаг байсан. Дараа нь 2017 онд хүчингүй болгож байсан билээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу