Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгаар ахлуулсан ажлын хэсэг 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Москва хотноо “Роснефть” компанийн удирдлагуудтай уулзжээ.

Уулзалтын үеэр Монголын талаас 2024 онд худалдан авах бүтээгдэхүүний хэмжээг захиалгын дагуу нийлүүлэх, ачилтыг тогтвортой байлгах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Энэ үеэр “Роснефть” компани УУХҮЯ-тай бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлжээ.

УУХҮЯ-наас мэдээлснээр, тус ажлын хэсэгт УУХҮЯ болон АМГТГ-ын төлөөлөл, газрын тосны бүтээгдэхүүний импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтсан байна.

Монгол Улс 2023 оны  арванхоёрдугаар сард хамгийн дээд хэмжээ буюу 150 мянган тонн шатахуун импортлосны 80 мянган тонн нь ард иргэдийн түгээмэл хэрэглэдэг АИ-92 бензин. 2023 онд уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэн болон эдийн засгийн өсөлтийг дагаад шатахууны хэрэглээ эрс нэмэгдэж буй. Дизель түлшний нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36 хувиар, АИ-92 бензин 10 хувиар тус тус нэмэгджээ.

АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаярын мэдээлснээр, өнгөрсөн арванхоёрдугаар сард ОХУ-ын нийлүүлэгч талтай гэрээ хэлэлцээр хийж, өсөн нэмэгдэж буй хэрэгцээнийхээ талаар ярилцаж, тохиролцжээ.

Монгол Улс хэрэглээнийхээ 70 орчим хувийг ОХУ-ын “Роснефть” компаниас авдаг. 30 хувийг Оросын бусад компаниас авдаг байсан бол одоо нэмэлтээр Хятад улсаас шатахуун импортлох хэмжээгээ нэмэгдүүлсэн. Өмнө нь Хятадаас сард Евро-5 ангиллын дизель түлш 10 мянган тонныг авдаг байсан бол өдгөө 30 мянган тонн болгон нэмэгдүүлжээ.

“Роснефть” компанид 2024 оны нэгдүгээр сард 90 мянган тонн, ОХУ-ын “Нефть хими сервис компани”-иас 30 мянган тонн дизель түлш, БНХАУ-аас 36 мянган тонн дизель түлш авах захиалга өгсний дагуу баталгаажсан байна. Ачилтууд хийгдэж хэвийн үргэлжилж буй бөгөөд цаашид нөөц бүрдүүлэх, тасалдал, хомсдолоос сэргийлэх зорилгоор хэрэглээнээсээ давсан хэмжээний шатахуун захиалаад байгаа ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу