Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж, “Бизнесийн сэргэлт” хөтөлбөр боловсруулжээ. Үүний эхлэл болгож, 10000 залууг бизнесийн сургалтад хамруулах хөтөлбөр эхлүүлж байгаагаа өнөөдөр (2024.02.20) зарлалаа.

Хэвлэлийн хуралд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Дэд захирал Ц.Магнайбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Бизнес академийн захирал Д.Асралт нар оролцов.

Ажилгүйдлийн талаар ярихдаа өмнө нь мэргэжил, ур чадварын хомсдлын талаар ярьдаг байсан бол өнөөдөр ажиллах хүчний тооны хомсдолд орж байгаа нь аж ахуйн нэгж (ААН)-үүдэд мэдрэгдэх болсон. Энэ нь нэг талаараа төрөөс явуулж буй халамжийн хавтгайрсан бодлоготой холбоотойг олон улсын байгууллагуудын судалгаа харуулж буй юм.

“Лоринет” сангаас хийсэн судалгаагаар, 15-29 насны залуучуудын 52 хувь нь ажил хөдөлмөр эрхлэх сонирхолгүй, ирээдүйн зорилгогүй, ирээдүйдээ итгэлгүй байгаа дүн гарчээ. Тодруулбал, залуус аав ээж, эмээ өвөөгийнхөө тэтгэвэр болон төрөөс өгч буй халамж тэтгэмжид найдаж амьдарч байгааг энэхүү судалгаагаар ил болгосон.

Иймд МҮХАҮТ-аас залуучууддаа бизнес эрхлэх урам зориг өгөх, ЖДБ эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, цаашилбал ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах олон улсын туршлагыг багтаасан хөтөлбөр боловсруулсан байна.

Хөтөлбөр 3 үе шаттай. Олон улсын Бизнесийн магистрын /MBA program/ хөтөлбөрийн нэг жилийн сургалт дунджаар 30 сая төгрөг байдаг. Үүнтэй дүйцэхүйц мэдлэгийг богино хугацаанд олгох сургалтын P-MBA (Personal MBA) хөтөлбөрөөр 10,000 залууг эхний ээлжинд сургах ба 5000-ыг нь Улаанбаатар хотоос, 5000-ыг нь хөдөө орон нутгаас /5 бүсээс/ сонгон суралцуулах юм байна.

Амжилттай суралцсан 1000 хүнийг БНЭУ, Малайз, Филиппин, Сингапур, зэрэг улсад бизнесийн аялал, дадлагын сургалтад хамруулах бол тэднээс 100 суралцагчийг сонгон шалгаруулж, улмаар гарааны бизнес эрхлэх санхүүгийн боломж, үүд хаалгыг нээж өгөх ажээ.

Одоогийн байдлаар БНЭУ-ын Засгийн газрын Айтек (ITEC) хөтөлбөрийн хүрээнд 15-29 насныханд зориулсан тусгай хөтөлбөрийг Энэтхэгийн ЭСЯ, Засгийн газартай хамтран боловсруулж, эхний ээлжинд 50 хүнийг суралцуулахаар ярьж тохирсон байна. Сургалтын бүртгэл эхний ээлжинд ирэх долоо хоногт Улаанбаатар хотод эхлэх бөгөөд дүүргүүд дээр бүртгэлийн цэг ажиллах ажээ. Түүнчлэн ЖДҮ-ийн 500 тоног төхөөрөмжийн үзэсгэлэн экспог БНХАУ-ын талтай хамтран удахгүй Монголд зохион байгуулах юм байна.

МҮХАҮТ-ын Судалгааны институтээс Монголын 100 жижиг бизнесийн салбарын зах зээлийн судалгааг хийж танилцуулснаар ямар чиглэлд ЖДҮ эрхлэх боломж байгаа, тоног төхөөрөмж нь ямар үнэ ханштай зэрэг мэдээллийг нэгтгэн харж, цаашлаад энэ үзэсгэлэнд тавигдсан тоног төхөөрөмжийг худалдаж авах, Хятадын банкны зээл тусламжаар авах боломжийг бүрдүүлэхээр ярилцаж буй ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу