Тайландын нисэх онгоцны буудлын гаалийн албаныхан хоёрдугаар сарын 19-ний өдөр комодо луу, питон, яст мэлхий болон амьд загас хууль бусаар хилээр гаргахыг завдсан монгол залууг илрүүлэн баривчилжээ.

Тус улсын Гаалийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фантонг Лойкулнанта “Бангкокийн Суварнабхуми нисэх онгоцны буудлаас Монголын нийслэл Улаанбаатар руу нисэх гэж байсан залуугийн тээшийг шалгаж, улмаар өнгөрсөн Бямба гарагт баривчилсан” гэж мэдэгдсэн байна.

Шалгалтын явцад түүний тээшээс 2 комодо луу, 6 энэтхэг одтой яст мэлхий, 8 игуана, 5 питон, 1 боа хуяг, 24 амьд загас илрүүлжээ.

Питон

Тус улсын гаалийн газраас “Монгол иргэнийг тусгай хамгаалалттай амьтдыг хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт буруутган баривчилсан” гэж мэдэгдсэн байна.

Тайланд улс зэрлэг ан амьтдыг хууль бусаар хил давуулах гол “төв” болдог бөгөөд тэдгээр амьтдыг ихэвчлэн Хятад, Вьетнам руу гаргаж худалддаг ажээ.

Комодо луу

2023 оны аравдугаар сард Суварнабхуми буудлаас Тайвань руу нисэх онгоцоор 30 гаруй амьд амьтан хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан жуулчныг баривчилж байсан байна. Түүний тээшид халиуны хоёр зулзага, 28 яст мэлхийн зулзага, нэг тарвага байжээ.

Одтой энэтхэг яст мэлхий

Эх сурвалж: INSIDER PAPER, MALAY MAIL
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу