Хаврын улирал хаяанд ирж, хэн бүхэн ядралт, сульдалттай нүүр тулж байгаа биз ээ. Эдгээр өдрүүдэд эрүүл хооллолт, нойр, дасгал хөдөлгөөн хэрэгтэй гэдгийг бид мэдсэн ч нэг л залхуу хүрээд байх шиг санагддаг. Энэ бүхнээс өөрийгөө татан босгож, ялан дийлэх аргуудын талаар фитнессийн багш дасгалжуулагч, тамирчин Б.Доржхүүтэй ярилцсанаа хүргэж байна.

-Хаврын улиралд нозоорол, ядралт их байдаг шүү дээ. Гарч агаар амьсгалмаар, дасгал хиймээр байсан ч сульдсан чигтээ суугаад байдаг. Энэ бүхнээс яаж гарах вэ, өөрийгөө хэрхэн сэргээх вэ?

-Энэ юутай холбоотой вэ гэхээр нэгдүгээрт, цаг уурын байдал өөрчлөгдөхөд нөхцөл байдалдаа тааруулаад хүний бие махбод яг тэр хэмжээгээр өөрчлөлтөд орж байдаг. Тэр үед нь мөн амьдралын буруу хэв маягаас үүдсэн асуудлууд нь сэдрээд эхэлчихдэг гэсэн үг. Яагаад сэдэрч байгаа вэ? Жишээ нь, бидний амьдралын хэв маяг буруу. Бүгдээрээ нойрны асуудалтай. Ер нь бол Монгол ч гэлтгүй дэлхий даяараа л ийм асуудалтай байна. Нойр бол нэн тэргүүнд анхаарах ёстой чухал зүйл.

Хүмүүс хавар цаг боллоо, нозоороод, нойр хүрээд байна гэдэг. Энэ нь нойрны баланс алдагдсантай холбоотой. Нойрны балансыг алдахгүйгээр хадгалж явахын тулд яг л биологийн цагаараа унтаж, сэрж байх хэрэгтэй. Өглөө хэдэн цагт нар манддаг вэ тэр цагт босно гэсэн үг. Энэ балансыг бид яг байгалийнх нь зарчмын дагуу уг нь ажиллуулах ёстой.

Хоёр дахь асуудал нь дасгал, хөдөлгөөн. Бид ерөөсөө дасгал, хөдөлгөөн хийдэггүй, амьдралдаа хэвшил болгоогүй байгаагаас үүдэн ядралт, сульдалт бий болдог. Ямар ч дасгал хийдэггүй хүн байлаа гэж бодъё. Тэр хүн зааланд орж ирээд, дасгал хийвэл биед нь ямар нэгэн байдлаар шинэ мессэж очиж, маш их ядарна. Тэр хүн дархлаа суугаагүй байгаа учраас ядарч байгаа юм.

Тэр хүн байнгын тогтмол дасгал хөдөлгөөн хийгээд биедээ дасал болгочихвол хүссэн хүсээгүй их дасгал хийсэн ч ядрахаа болино. Маш их ачаалалтай ажиллаж байсан ч гэсэн дасгалаа хийгээд, хөлсөө гаргаад, эрч хүчтэй болж, цусны эргэлт нь сайжирна. Бодисын солилцоо маш идэвхтэй болж, дааврууд тэр чигээрээ тэнцвэртэй болно гэсэн үг юм.

Гурав дахь асуудал бол хоол хүнс. Хавар болохоор зундаа бэлдэнэ гэсэн асуудал гарч ирдэг шүү дээ. Бүсгүйчүүд маань жингээ хасах гэж улайран дайрдаг, маш эрчимтэйгээр фитнесст явж эхэлдэг. Цагаан сарын үеэр маш их хэмжээний нүүрс ус биедээ авч байснаа гэнэтхэн ухаарсан юм шиг “4-5 кг нэмчихэж, одоо яана аа” гээд, шууд мацаг бариад, эсвэл шууд гүйлгэх туулгах эм уугаад эхэлдэг. Маш өндөр нүүрс устай явж байгаад гэнэтхэн нүүрс усгүй болчихвол хүний бие махбод шууд л уналтад орно гэсэн үг. Тэгээд л нөгөө ядралт, сульдалт гэх асуудалтайгаа учирна даа.

Нозооролтын дараагийн нэг шалтгаан бол би түрүүн ярьсан, бодисын солилцоо удаашраад цусны эргэлт байхгүй болчихож байгаа юм. Жишээ нь, оффист удаан хугацаанд сууж ажиллах, компьютерын ард суугаад, нойр хүрээд байдаг нь цусны эргэлт багасаж байна гэсэн үг. Дээрээс нь хүчилтөрөгчийн дутагдалд орчихож байгаа юм. Цонхнуудаа бүгдийг нь хаачихсан учраас. Хүчилтөрөгчийн дутагдалд орсон, дээрээс нь цус эргэлтгүй байгаа учраас тэр хүн нозооролтод орж байгаа юм.

-Нозоорсон байдлаас хэрхэн өөрийгөө гаргах вэ. Дасгал хөдөлгөөн, эрүүл мэнд чухал гэдгийг мэдэж байгаа хэр нь л манайхан залхуурдаг шүү дээ?

-Бусад хүмүүс залхуурлаа ялан дийл, тэг, ингэ, гээд их олон зүйл ярьдаг. Зарим нь бусдаас олон мотиваци авахыг хүсдэг. Гэвч бодит байдал дээр яг үнэнтэйгээ нүүр тулчих хэрэгтэй. Шууд очоод, эхээс төрсөн биеэрээ толинд өөрийгөө хар. Тэгээд яг ямар байгаагаа эрэгцүүлнэ. Эрүүл хүн толинд хараад өөртөө итгэлтэй байдаг.

Эрүүл бус байгаа учраас толинд харж чадахгүй айгаад, “Би одоо яана аа, жин нэмчихсэн байх вий дээ, яана аа таргалчихсан байх вий дээ” гэх бодол төрнө. Түүнээсээ санаа зовоод, толинд нэг ч удаа хардаггүй зөвхөн эрүүнээсээ дээшээ хардаг болчихдог. Тэгэхээр оффист суудаг хүн байна уу, анхлан хичээллэх гэж байгаа хүмүүс байна уу өөрийгөө ялах гэж байгаа хүмүүс байна уу, аль нь ч бай шууд үнэнтэйгээ л нүүр тулчих.

“Би угаасаа ийм болчихсон байгаа юм байна шүү дээ. Миний гэдэс урагшаа явчихсан байна, би сульдаа болчихож” гэж өөртөө хэлэх хэрэгтэй. Нэгэнт нүүр тулчихсан юм чинь тэр хүн “Би хийхгүй бол болохгүй юм байна” гэдэг үүрэг авна шүү дээ. Сүүлийн үед хүмүүс хоёрхон янзаар л хөдөлж байна. Нэг нь, үнэхээр өөрийгөө өвчтэй гээд мэдэрчихсэн үедээ хөдөлгөөн хийж эхэлж байна.

Ийм болохоосоо өмнө яагаад урьдчилан сэргийлэх юмнуудыг ерөөсөө хийхгүй байгаа юм бэ гэдэг чинь том асуудал. Юу хэлэх гээд байна вэ гэхээр, болохоос нь өмнө урьдчилан сэргийлээд, дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв хооллох хэрэгтэй гэж захимаар байна.

-Дасгал, хөдөлгөөнийг гэрийн нөхцөлд, ажлын байранд гэх мэт олон төрлөөр хийхийг хүмүүс мэднэ. Анх удаа дасгал, хөдөлгөөн хийж эхэлж байгаа хүмүүст хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

-Дасгал хийж эхэлж байгаа анхан шатны хүмүүст хэлэхэд, дөхүүлэх дуураймал дасгал гэж байдаг юм. Зүгээр энгийн хөдөлгөөнүүдээс эхэлдэг гэсэн санаа. Заавал зааланд ороод, гантел бариад, эсвэл  булчингийн бэлтгэл хийх биш. Энгийн зүйл буюу алхахаас эхэлнэ.

Алхахад бүх булчин ажиллана, өөх шатна, хүний бие эрүүл болж байдаг. Өөрөөсөө 10 гаруй мянган төрлийн өвчлөлийг алхсанаар гадагшлуулж болдог.

Нөгөөтэйгүүр, дөхүүлэх дуураймал дасгал гэдэг нь өөрийн биеийн жингээр л хийх ёстой гэсэн үг. Биеийн жингээрээ эхлээд гар дээрээ сунайж сур, хөл дээрээ сууж сур, дараа нь хэвлийнхээ дасгалыг өөрөө ямар ч төхөөрөмж оролцуулахгүйгээр төвөггүй хийдэг бол. 

Гэртээ 10-15 минут яг л нөгөө идэвхтэй гэдэг хөдөлгөөнийг хийгээд яваад байхад тэр хүн жилийн дараа шал өөр түвшинд очно. Эрүүл болно. Үүний дараа ахисан түвшинд хичээллэхэд ямар ч асуудал үүсэхгүй.

-Дасгал, хөдөлгөөний зэрэгцээ хоол хүнс чухал. Та хаврын улиралд ямар хоол хүнс хэрэглэхийг зөвлөх вэ?

-Монгол хоолноос хамгийн сайн хоол бол борц. Дээрээс нь шөлтэй хоолнууд их сайн. Гэхдээ шөлтэй хоол сайн гээд гурилтай хоол идэх биш шүү. Дээр үеийн монголчууд яадаг байсан бэ гэхээр жижигхэн аяганд ус буцалгаад, тэрэн дээрээ чимх борц хаяад л бол оо. Тэр нь тамир тэнхээг маш сайн сэргээдэг байж л дээ. Юу хэлэх гээд байна вэ гэхээр, бид зөв хооллохыг хүсэж байгаа бол хэтрүүлэн хэрэглэх биш, хэт бага хэрэглэх биш, яг дундын балансыг барьж идэж байх ёстой л гэсэн үг.

Мөн өглөөний цайг хамгийн түрүүнд санал болгомоор байна. Дийлэнх монголчуудын ганц чаддаггүй юм өглөөний цай. Нэг бол хоносон хоол иднэ, нэг бол өглөө юу ч идэхгүй хоосон ходоодтой явдаг. Тийм учраас ходоодны шарх Монголд маш их байна. Дээрээс нь цөс, нойр булчирхайн өвчлөл өндөр байна. Өглөөний цайг л бид маш зөв хэрэглэж, амин дэм авч чадвал тэр өдөржингөө эрч хүчтэй байж болдог. Яагаад гэхээр хангалттай энерги, хангалттай эрч хүч, хангалттай амин дэмээ өглөө босоод авчихдаг гэсэн үг. Тэр нь өдөртөө хангалттай биш ч дараагийн хооллолт хүртэл сэргэг байна гэсэн үг. 

-Таны ярианаас хоол хүнсээр амин дэмээ аваад, хөдөлгөөнөөр эрч хүчээ авдаг гэж ойлголоо?

-Тийм. Өглөө босоод, багахан дасгал хийхэд цусны эргэлт сайжирна. Жишээлбэл, бүх бие чинь амарчихсан маш гоё босоод ирлээ. Дараа нь тав, аравхан минут маш гоё хөнгөхөн сунгалт хийчихлээ. Таны цусны эргэлт тэр чинээгээрээ сайжирна, хөлс чинь гарна.

Хөлс гараад ирэхээр цус нэг л шингэрээд байгаа юм шиг, юм хиймээр санагдаад, нэг их гоё болоод, сэргэдэг шүү дээ. Яг ийм мэдрэмжийг хүн авчихдаг. Дасгалаа хийчихээд, сайхан өглөөнийхөө цайг уугаад гарахад тэр өдөр эрч хүч дүүрэн байна.

Бидний өглөө яаж эхэлдэг вэ гэхээр, бослоо, “Ёстой нойр дутуу хоночихлоо, яана аа нойр хүрээд байна аа” гээд л эхэлж байгаа юм. Дараа нь шууд утсаа авлаа, шууд фэйсбүүк ороод гүйлгэнэ. Элдвийн сөрөг мэдээллүүд шууд тархи толгой руу чинь орж байгаа юм. Гэхдээ бид анзаарахгүй ч гэсэн цаагуураа стресстээд, бидний бие махбодод суучихдаг байхгүй юу. Тэгэхээр өглөө боссоноос хойш 30 минутад утас оролдоод хэрэггүй, бүр шагайгаад ч хэрэггүй.

Босоод 30 минутын хугацаанд өөртөө цаг зарцуулбал тэр өдөр эрч хүчтэй байна. Өөртөө хэдхэн минут зарцуулаад, шүршүүрт орчих, сунгалт дасгал хийчих, араас нь цайгаа уучих. Номоос ганц сайхан өгүүлбэр олоод харчих. Ингээд л өөрөө өөрийгөө цэнэглээд явж болно. Гол нь бүх зүйлдээ хайртай, тууштай байгаарай.

-Уншигчдад чухал зөвлөгөө өглөө. Танд баярлалаа, ажлын амжилт хүсье.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу