Нэг үеэ бодвол иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүү, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг тэлж, юунд, хэзээ, хэрхэн хөрөнгө оруулж, өндөр ашиг хүртэх вэ гэсэн шийдвэр гаргах чадвартай болсон. Өмнө нь ногдол ашиг гэж юу болох талаар бараг ойлголтгүй байсан бол өдгөө Монгол Улсын иргэний хувиар эх орныхоо баялгийг эргэлтэд оруулан эзэмшиж, түүнээсээ ашиг хүртэх болсон билээ.

Ногдол ашиг гэдэг нь компани тайлант хугацаанд олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ тараах үйл явц. Компани ашгаа тараахын оронд шинэ тоног төхөөрөмж худалдаж авах, үйлдвэрлэлээ өргөтгөх зэргээр дотооддоо ашиглаж болох тул жил бүр ногдол ашиг тараахгүй байж ч болдог.

Ногдол ашиг авснаар хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй хувьцааны тоо хэмжээнд өөрчлөлт орохгүй. Зүйрлүүлбэл, хүн өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөө бусдад түрээслүүлснээр түрээсийн орлоготой болох бөгөөд энэ нь тухайн үл хөдлөх хөрөнгөө худалдаж байгаа зүйл биш юм.

Компанийн тухай хуулийн 46.5-д Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор буюу жил бүрийн хоёрдугаар сарын 19-ний дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухайгаа Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр хуульчилсан.

Хуульд заасан хугацаа дуусгавар болж, 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 61 хувьцаат компани ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэрээ Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ. Үүнээс нэр бүхий 35 хувьцаат компани нийт 480.24 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан байна.  Өөрөөр  хэлбэл, ногдол ашгийн “бороо” шиврэх нь. Тухайлбал:

“Монголын хөрөнгийн бирж” ХК 8.7 тэрбум төгрөгийн цэвэр ашгийнхаа 50 хувь буюу 4.35 тэрбум төгрөгийг нэгж хувьцаанд 12.41 төгрөгөөр тооцож;

“Сүү” ХК сүүлийн хагас жилийн цэвэр ашиг болох 2.02 тэрбум төгрөгийг нэгж хувьцаанд 5.9 төгрөгөөр тооцож;

“Улаанбаатар БҮК” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 131.5 сая төгрөгийг нэгж хувьцаанд 1 төгрөгөөр тооцож, тус тус хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар болжээ.

“Мах импекс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 40 тоот тогтоолоор компанийн 2023 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн хэтийн төлөвийг харгалзан, нэгж хувьцаанд 100 (нэг зуу) төгрөгөөр тооцож, ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

“Талх чихэр” ХК 2023 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн хэтийн төлөвийг харгалзан, нэгж хувьцаанд 400 төгрөгөөр тооцож, ногдол ашиг хуваарилах аж.

“Монгол шуудан” ХК 2023 оны цэвэр ашгийн дүнгээс 30.36 хувиар тооцож, нийт 597,518,178.00 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэжээ.

“Төрийн банк” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 66.20 (жаран зургаан төгрөг хорин мөнгө) төгрөгөөр тооцож, ногдол ашиг хуваарилах нь.

“ХААН банк” ХК өнгөрсөн оны цэвэр ашиг болох 558 тэрбум төгрөгийн 48.5 хувь буюу 271 тэрбум төгрөгийг нэгж хувьцаа тус бүрд 141.73 төгрөгөөр тооцож, ногдол ашиг олгоно гэжээ.

“ХАС БАНК” ХК 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн үр дүнгээс шалтгаалан, ногдол ашигт нийт 26,580,675,000.00 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор шийдвэрлэсэн байна.

“Худалдаа хөгжлийн банк” ХК 2023 оны санхүүгийн тайланг аудитын байгууллагаар баталгаажуулсны дараах цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгохоо мэдэгдсэн байна.

“Голомт банк” ХК өнгөрсөн оны үйл ажиллагааны ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөгөөр тооцож, ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

“Дархан нэхий” ХК хувьцаа эзэмшигчдэдээ 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нийт 250,000,000 төгрөгийг ногдол ашиг болгон олгох нь.

“Улаанбаатар хивс” ХК нэгж хувьцаанд 1,700 төгрөгөөр тооцож, ногдол ашиг олгохоор болжээ.

“Сэндли” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5.60 (таван төгрөг жаран мөнгө) төгрөгөөр тооцож, ногдол ашиг олгох ажээ.

“Хүрд” ХК 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 6.03 хувийг буюу 304,348.5 мянган төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.

“Инновэйшн инвестмент” ХК 2023 оны цэвэр ашгаас нийт 4,000,000,000.00 (дөрвөн тэрбум) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон олгох нь.

“Ард даатгал” ХК өнгөрсөн оны цэвэр ашгийн 33.80 хувийг буюу нийт 750.0 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэжээ.

“Баянгол зочид буудал” ХК нэгж хувьцаанд 300 төгрөгөөр тооцож, ногдол ашиг хуваарилах юм байна.

“АПУ” ХК 2023 оны сүүлийн хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан, нэгж хувьцаа тус бүрд 44 төгрөгөөр тооцож, ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

“Гутал” ХК нийт хувьцаа эзэмшигчдэд 2.2 тэрбум төгрөгийг, нэгж хувьцаа тус бүрд 1400 төгрөгөөр тооцож, ногдол ашгийг хуваарилах юм байна. Энэ мэтчилэн жагсаалт цааш үргэлжилнэ.

Дотоодын компаниуд таван жилийн өмнө буюу 2019 онд 112.1 тэрбум, 2020 онд 132.7 тэрбум, 2021 онд 110.5 тэрбум, 2022 онд 150.8 тэрбум, өнгөрсөн онд 303.07 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус тус хуваарилахаар шийдвэрлэж байсан бол энэ онд нийт 480.24 тэрбум төгрөг болж өссөн байна.

Дашрамд дурдахад, Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлд шударга, үр ашигтай, өрсөлдөөн бүхий, ил тод байдлыг хэвшүүлэхэд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” тогтоолын хэрэгжилтэд тогтмол хяналт тавин ажиллаж буй юм.

Мөн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-тай гэрээ байгуулахгүйгээр өөрийн компанийн байранд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахаар шийдвэр гаргасан нэр бүхий хувьцаат компаниудад үүрэг даалгавар хүргүүлж, тогтоолын хэрэгжилтийг хангуулж, зөрчлийг арилгуулан ажиллаж байна.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу