Улс төрд богино зайд асар хурдтай өндөр авсан хүн бол УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан. Их хөрөнгө мөнгө ч тэгээд юуг ч хурдлуулж чаддаг хойно доо. “Баян хүн гурван төрд нүүртэй” гэдэг үг Шадар сайдад зориулагдсан мэт хачин гоё зохино. Аль ч дарга сайдын үед адармаатай улс төрд байнга өгсөж явсаар УИХ-ын гишүүн, улмаар хөрөнгө дагаж өгссөөр байгаад сайд ч болчих байх. Гэхдээ “Баян хүнийг балаг тойрдоггүй” гэдгийг санахад илүүдэх юун. Энэ нь хэдийгээр нэг ядуу нөхрийн атаархсандаа гаргасан үг байж мэдэх ч С.Амарсайханы бизнест бөмбөг тэслэх аюул олон бий. Ямартай ч тэр нийслэлийнхээ хэвлийг тэтгэн урсдаг ганц судас нь болсон Туул голд хайр найргүй ханддаг хүн. Шударга ёс хууль дүрмээр дийлэхгүй ч байгаль ижийн хилэн гэж зүйл байгааг мартаж болохгүй. Уг нь тэр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллахдаа чамгүй сайн ажилласан гэх пи ар хаа сайгүй өрнөдөг байв. Хэргээр цацуулдаг л биз. За тэгээд хурлын дарга болох гэж хөглөснийг энд дурдаад яахав.

С.Амарсайхан НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа “100 айл” болон нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын материалын зах, дэлгүүрүүдийг нүүлгэн шилжүүлэх НИТХ-ын тогтоол үйлдээд Засаг даргаа шахаж ажиллана гэдгээ эрсхэн мэдэгдэж байсан. Түүний 2018 оны 6 дугаар сард хэлсэн 100 айл байдагтаа л байна. Тэр бараагүй. Намаас Хотын дарга болох квотоо тэвэрч НИТХ-ын хуралд ороод унаж байв. Ерөнхий сайдаараа “хүчиндүүлж” дахин санал хураалт явуулж байж нэг юм Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч болж байлаа. Тэгвэл 2020 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотын Засаг дарга С.Амарсайхан “Бид сонгуулиас сонгуулийн хооронд ямар нэг асуудлыг ярьдаг байж болохгүй. Бидний гаргаж буй шийдэл, танилцуулж буй асуудал хотын нийтлэг эрх ашиг, улс орны хөгжилтэй холбоотой. Тиймээс улс төрийн оноо авах гэж болохгүй, бүтэхгүй зүйлсийг ярьж иргэдээ хуурч мэхэлдэг цаг өнгөрсөн. Агаарын дүүжин тээврийн ажлыг бид ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Дөрөвдүгээр сард эхэлсэн тохиолдолд 2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3, 4  дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно.  Цагт 3000 хүн тээвэрлэх хүчин чадалтай гэдэг нь өдөр дунджаар 40 мянгаорчим хүн тээвэрлэнэ гэсэн үг” хэмээн мэдэгдэж байлаа. Гэтэл 400 гаруй сая төгрөг зарцуулсан төслийн нэгжийг нь татан буулгалаа гэдэг яриа гарсан. Нийслэлийн мөнгөнд нэг иймэрхүү л хандаж ирсэн хүн юм.

Цар тахлын хүнд үед иргэдийн эсэргүүцэл маш их байхад Хотын дарга С.Амарсайхан Сүхбаатарын талбайн урд усан оргилуур барих ажлыг эхлүүлсэн. Түүний хийсэн ганц ажил гэгддэг усан оргилуур нь усгүй. Тиймээс зөөврийн усаар дүүргэж байв. Ёстой л хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг л болсон. Ёстой л ширлэсээр байгаад үүнийгээ ашиглалтад оруулж жилдээ хэд хоног зөөврийн усаар оргилуулсан болдог. Яавч эрүүл хүнээс гарахааргүй санаануудыг тэр сэдэж байв. Тэр бүрдээ иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсныг тэр мартсан ч бид мартаагүй. Түүний гаргасан шийдвэрүүд нь улс төрд дээш гишгих шат байснаас бодит ажил болсон нь хуруу дарам цөөн.

Одоо бол Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын Их Хурлын гишүүн гэсэн маш гоё сэтэртэй болсон. Ёстой л “хотоо мартсан гэсэр, хоймор зүүдэлсэн гэлэн” гэдэг болчихоод байна. Уг нь тэр хотын хөгжил гэх зүйлийг л хуулбарлан ярьдаг байснаас хөгжүүлж өөдлүүлсэн түүх үлдээгүй. Мартах шахаж. Бас нэг “том” ажил бий. Сүхбаатарын талбай тойруулан өндөр үнэтэй чулуунууд тавьсан нь бас л тайлагнах зүйл мөн дөө. Өнөө чулуунууд алга болсон ч энд тэнд хааяа гарч ирсэн харагддаг. Хэнээс, юу ч хамаалах чулуу байсан юм бүү мэд.

С.Амарсайхан хотын Засаг даргаар томилогдсон даруйдаа албан тушаалаа хотын хүн амын тусын тулд биш, хувийн зорилгод ашиглахаар улайрч, баяжих хөлжих арга хэрэгсэл болгож байсан гэх мэдээлэл гарсаар байсан. Ингэх шалтгаан ч байв. Тодотговол “Зүүнбаян Рефайнери” компани Туул голын бургасыг хэдэн арван га-гаар нь устган сүйтгэж, өндөр үнэтэй барилгууд барихаар завдаж байгаад иргэдийн эсэргүүцэл бусад зүйлтэй тулж байв. БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан Н.Цэрэнбат “Энэ компанийн тусгай зөвшөөрөл аль эрт цуцлагдсан байсан. Гэтэл ажлаа үргэлжлүүлж байна. Манай хуулиар үүнд шүүх тайлбар хийх учиртай. Шүүх дээр маргаантай байгаа. Өмнөх сайд Д.Оюунхоролын үед тусгай зөвшөөрлийг нь цуцалсан. Миний үед дахиж олгоогүй” гэж мэдэгдэж байсан. Үүнээс харахад төрийн шийдвэр, хэдэн ч сайдын нүүр үзсэн өөрийнхөөрөө хэрэгжиж байдгийг харуулсан явдал болж байв. Аргагүй л гурван төрд нүүртэй хүн аж. Цар тахлын үеийн түүнтэй холбоотой мэдээллүүдийг иргэд хангалттай уншиж, хангалттай бухимдацгаасан.

Одоо тэрбээр өндөрлөгт хүрэхээр маш хурдтай явна. Чухам ямар өндөрт гарч хэзээ унах, хаашаа явахыг нь таах аргагүй. Их хөрөнгө л түшихгүй бол түүнд яг унаган гэх фракц улс төрд үгүй бололтой юм. Тойрон хүрээлэгчид нь ч нэг тиймхэн сулхан. НИТХ-д хамт сууж байсан хэдэн хүн бий. Ийм нөхцөлд яах ч аргагүй, их хөрөнгөөр дэнчин тавьж л амьдрах улс төрийн зураг зурна гэсэн үг.

Тэр хэдийгээр дээш өгсөх төлөвлөгөөний дагуу асар хурдтай явж байгаа хөрөнгөнөөс өөр түшиж тулах зүйл бараг алга. Ядахад нийслэлийн Засаг даргаар богино хугацаанд ажилласнаас өөрөөр төрийн албаны дадлага туршлага ч байхгүй. Ерөөсөө хөрөнгө түшиж, дээш гарсан хүмүүст өөрийн гэсэн толгой байдаггүйг харуулах цаг ч ирнэ. Тэгэхээр С.Амарсайхан өөрөө ийм будилуу бол цааш газар авахгүй гэсэн үг. Асар их хөрөнгө мөнгө яриад байгаа болохоос бус хүүхдээ төрийн мөнгөөр сургасан баримт дэлгэж л байсан. Үнэхээр үр хүүхдэдээ хүртэл зарцуулж чадахгүй болсон харамч юм уу, эсвэл ах С.Отгонбаярынх нь хөрөнгө юм уу гэх тээнэглзэл ч байна. Хэрэв тэр их хөрөнгө С.Амарсайханы өв мөн бол тэр Засгийн газарт багтах төдийгүй ирээдүйд өөрийгөө Төрийн өндөрлөгт зүүдэлж яваа нь гарцаагүй. Аргагүй л “Хоймор зүүдэлсэн гэлэн, хотоо мартсан гэсэр” юм даа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу