ОХУ-ын Бүгд найрамдах Саха улсын нийслэл Якутск хотод манантай, хүйтэн жавартай өдрүүд үргэлжилж байгаа ажээ. Цаг уурчид Якутскт -56 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгаа талаар мэдээлсэн байна.

Якутскын Ус, цаг уурын төвийн Цаг уурын урьдчилсан мэдээний хэлтсийн дарга Саргылана Никитина “Өнгөрсөн амралтын өдрүүдэд термометрийн заалт -56 хэм хүрч, нутгийн өмнөд хэсгээр циклоны улмаас агаарын температур -20 хэм хүрч, хүйтний эрч суларсан” гэж мэдээлжээ.

Тэрбээр “Амралтын өдрүүдэд Бүгд найрамдах улсын ихэнх нутгаар хүйтэн жавартай байна. Нутгийн зүүн хойд хэсгээр хамгийн хүйтэн цаг агаар зонхилж, агаарын температур -51… -56 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна.

Үүний зэрэгцээ нутгийн өмнөд хэсгийн Эрхүү муж, Приморийн Благовещенскийг циклон дайран өнгөрнө. Энэ үеэр Бүгд найрамдах улсын өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, ойрын 24 цагт агаарын температур -20… -25 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна” гэж хэлжээ.

Мэргэжилтэн “Хоёрдугаар сар бол өвлийн сар. Лхагва гараг (2023.02.21)-аас манан арилж, өдөртөө агаарын температур -24… -26 хэм хүрнэ” гэж онцолсон байна.

Якутск хотод ирэх амралтын өдрүүдэд шөнөдөө агаарын температур -40… -43 хэм хүрэх аж. Бямба гарагийн өглөө манантай бөгөөд өдөртөө -32… -34 хэм хүрч, хүйтний эрч бага зэрэг сулрах бол Ням гаргийн үдээс хойш -29… -31 хэмийн хүйтэн байх төлөв гарчээ.

Якутын ихэнх нутгаар өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур -50 хэмийн хүйтэн жавартай байсан аж. Якутын Цаг уурын байгууллагаас өнгөрсөн нэгдүгээр сарын 13-ны өдөр уулын Тонгулах тосгонд хүйтний эрч сүүлийн 30 жилийн “дээд амжилт”-ыг эвдэж, агаарын температур хасах -62.4 хэм хүрч хүйтэрсэн талаар “РИА Новости” мэдээлсэн билээ.

Эх сурвалж: SAXALIFE, RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу