Казахстаны Парламент (Мажилис) Эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж баталжээ. Тус хуулийн төсөлд педофили буюу хүүхдийг хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон этгээдүүдэд бүх насаар нь хорих ял оноох заалтыг тусгасан байна.

Мажилисын хэвлэлийн алба “Насанд хүрээгүй хүүхдийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь ашиглан, тарчлаан зовоож, эрүүл мэндэд нь хүнд болон дунд зэргийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд оноох Эрүүгийн хуулийн хариуцлагыг чангатгаж байна. Тодруулбал, насанд хүрээгүй (14-өөс доош насны) хүүхдийг хүчирхийлсэн, энэ хэргийн улмаас амь насыг нь хөнөөсөн гэмт этгээдийн эрх чөлөөг тодорхой хугацаагаар хасаж, шийдвэрлэдэг байсныг бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн” гэж мэдээлжээ.

Мөн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан байна. Өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт захиргааны хариуцлага хүлээлгэдэг байжээ.

Дээрх хуулийн төсөлд өөрчлөлт оруулахдаа хүнийг амиа егүүтгэхийг ятгах, амиа хорлоход хүргэсэн бол таваас есөн жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан байна.

Мөн амиа хорлохыг сурталчилсан тохиолдолд 1.6 мянгаас дээш ам.доллароор торгох хэлбэрээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна насанд хүрээгүй хүүхдийг дээрэлхсэн, ялангуяа цахимаар дарамталсан тохиолдолд 81 ам.доллараар торгох шийтгэл ногдуулж, захиргааны хариуцлага хүлээлгэх юм байна.

Эх сурвалж: TASS, KAZAKHSTAN TODAY, TENGRINEWS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу