Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар, орчны бохирдол хариуцсан орлогч О.Номинчимэгтэй нийслэлийн төсвийн тодотголын талаар ярилцлаа. Метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр төсөвт тодотгол хийхээр төлөвлөжээ.

-Төсвийн жил эхлээд сар гаруйхан хугацаа өнгөрч байхад яагаад төсөвт тодотгол хийхээр болов?

-2024 оны төсвийг бид өнгөрсөн арванхоёрдугаар сард батлуулсан. Төсвийн тодотгол яаралтай хийх болсон гол шалтгаан нь метро барих. Улаанбаатарт метро барих шийдвэрийг Засгийн газраас гаргаж, метроны санхүүжилтийн эх үүсвэрийг нийслэл өөрөө шийдэхээр болсон. 2023 онд Улаанбаатар хот маань хэмнэлттэй ажилласнаар төсвийн гүйцэтгэл эерэг гарч, 170 гаруй тэрбум төгрөгийн орлого зарцуулагдаагүй үлдсэн юм. Энэ орлогыг аваад, үлдэгдлийг нь төсөвт тодотгож оруулах шаардлагатай болсон.  

-Метроны барилгын ажлыг ирэх есдүгээр сар гэхэд эхлүүлсэн байхаар төлөвлөж байна гэж мэдээлсэн. Яг хэзээ эхэлж, ямар үе шаттайгаар явагдах вэ?

-Амгалангаас Толгойтын өртөө чиглэлд 17 км метро барих урьдчилсан ТЭЗҮ-ийг Японы “Жайка”-гаас хийж өгсөн. Энэ дагуу бид мэргэжлийн байгууллагуудтай холбогдож, судалсан.

Метро бол монголчуудын хувьд өмнө нь хийж үзээгүй том бүтээн байгуулалт. Олон улсын туршлагыг харахад метронд маш удаан хугацаа болоод их хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Ингэхдээ хугацаа хэтрэх, зардал нь ихсэх гэх мэт олон бэрхшээлтэй тулгардаг. Тиймээс олон улсын байгууллагууд манайхыг нарийвчилсан тооцоотой, сахилга баттай байхыг зөвлөж байна. 

Метрог аюулгүй, найдвартай барихын тулд бид олон улсын жишгийн дагуу PMC (Project Management Consulting) буюу менежментийн зөвлөх үйлчилгээ, EPC (Engineering, procurement, and construction) буюу гүйцэтгэгч авахаар болсон. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалт зарлаад, төсөлд менежмент хийх зөвлөх баг, барилга угсралтын ажлыг хийх гүйцэтгэгч компанитай болно гэсэн үг.

Сонгон шалгаруулалтыг урьдчилсан байдлаар энэ оны 6-9 дүгээр сард зохион байгуулахаар тооцоолж байна. Үүний дараа тухайн багтайгаа ярилцаж, нарийвчилсан төлөвлөгөө гаргана. 

-2028 оны дөрөвдүгээр сард метро ашиглалтад орно гэж Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн шүү дээ. Энэ хаанаас гаргасан тооцоо юм бэ. Том бүтээн байгуулалт дөрвөн жилийн дотор ашиглалтад орох боломжгүй гэж шүүмжилж буй хүмүүс байна?

Томоохон дэд бүтцийн төслүүд олон жил дамнаж хэрэгждэг. Төслийг хэрэгжүүлэх хугацаанд дэлхий дахинд өөрчлөлт гарч байдаг. Энэ бүхнийг урьдчилж тааварлах боломжтой эсэхээс бүх зүйл шалтгаалж байгаа юм. Жишээ нь, бид ковид-19 цар тахлыг, Орос -Украины дайныг тааварлах боломжгүй байсан. Хэрэв метроны төсөл хэрэгжиж байх үед дээрх шиг үйл явдлууд болбол яалт ч үгүй төлөвлөгөө өөрчлөгдөнө.

Бид урьдчилсан байдлаар төлөвлөгөөгөө гаргасан юм. Метро барихад 4-5 жил зарцуулагдана гэж тооцоолж байна. Тиймээс 2028 он хүртэлх төсөвтөө метроны гүйцэтгэлийн зардлыг тусгах шаардлагатай гэсэн төсөөлөлтэй байна. 

-Оны өмнө төсөв батлахдаа улсын төсвөөс 180 тэрбум төгрөгийг метро барихад зарцуулахаар тусгасан. Гэтэл энэ бүтээн байгуулалтыг нийслэл бүрэн хариуцахаар болсон тул тодотгол хийхээр болсон гэж ойлголоо. Тодотголоор хэдэн төгрөг нэмж тусгаж байна вэ?

-PMC буюу төслийн менежментийн зөвлөх үйлчилгээнд 54,6 тэрбум төгрөгийг, EPC буюу гүйцэтгэгчийн ажилд 333 тэрбум зарцуулна.

-Мөн төсвийн тодотголоор сургууль, цэцэрлэгийн барилга барих хөрөнгийг тусгасан гэсэн?

-Нийслэлийн 11 байршилд сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэж байна. Үүний зургаа нь шинэ төсөл. Тэр дотроо тав нь буруу төлөвлөлтийн улмаас бетонон ширэнгэ болгочихсон, нийгмийн суурь үйлчилгээг төлөвлөж бариагүй газруудад бий.

Эдгээрийг тодруулбал, “Алтай”, “Кинг тауэр”, “Голден парк” хотхонуудад 960 хүүхдийн багтаамжтай сургууль барихаар төлөвлөсөн. Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны Ногоон нуур орчимд 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих гэж байна.

Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд тал буюу Баянзүрх дүүргийн 36-р хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барина. Сонгинохайрхан дүүргийн 17-р хороонд барилга худалдаж аваад сургууль байгуулахаар төлөвлөж байна. 

Он дамжиж ирж байгаа гурван ажил бий. Өмнө хэрэгжиж эхэлсэн ч санхүүжилт нь зогсчихсон ажлуудыг үргэлжлүүлнэ. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 29-р сургуульд 1989 оноос хойш ямар ч засвар хийгдээгүй. Энэ сургуулийн их засварын 4.5 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тусгаад байна. Мөн Гандантэгчэнлин хийд орчимд байдаг 320 хүүхдийн суудалтай сургуулийн их засварыг энэ онд хийж дуусгана. Эдгээр сургуулиуд 2025 онд ашиглалтад орно. Үүн дээр нэмээд, оны өмнө төсөвт тусгасан сургууль, цэцэрлэгийн 47 арга хэмжээг хэрэгжүүлнэ. 

-Ойр орчимд нь сургууль, цэцэрлэг барих гэж буй хотхонуудыг барьсан компаниудтай зөвшилцсөн үү?

-Газрын эзэд нь сургуулийн барилга барих газрыг чөлөөлөх зөвшөөрөл өгсөн. Зарим компанид тухайн газрыг нь өөр байршилд орлуулан өгөхөөр болсон.

-Сургууль, цэцэрлэгийг барьснаар мэдээж түгжрэл буурахаас эхлээд сайн үр дагаварууд гарна. Ямар үр дүн гарах талаар тооцоо судалгаа хийж үзсэн үү?

-Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүрэгт томоохон хотхонууд баригдаж байна. Үүнийг анх барихдаа сургуулийн хүртээмжийг нь тооцоололгүйгээр, барилгын компаниуд өөрсдөдөө хамгийн ашигтай байх хувилбараар барьчихсан байгаа юм. Үүнээс болоод ойр орчимд нь улсын сургууль байхгүй.

Хувийн сургуулиуд нь жилийн 10 гаруй сая төгрөгийн төлбөртэй учир иргэд тэр бүр хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд сургаад байж чадахгүй. Ингээд улсын сургууль байхгүй учир олон км-ийн цаана байгаа тойргийн бус сургуульд хүүхдүүдээ сургах явдал ихэссэн. Энэ нь Улаанбаатар хотын түгжрэлд нэлээд нөлөөлдөг.

Улаанбаатарын замын өглөөний хөдөлгөөний 25 хувь нь хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх хөдөлгөөн байдаг. Мөн 2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд 306 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж, үүнд 380 мянган хүүхэд суралцаж байна. Үүний 90 гаруй мянга буюу 25 орчим хувь нь тойргийн бус хамрагдалттай буюу тойргоосоо өөр газар руу очиж, суралцдаг. 

Нийгмийн суурь үйлчилгээ болох боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээг маш ойрхон зайнаас авч байж тухайн иргэндээ цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Нөгөө талаас Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулна.

Мөн сүүлийн үеийн судалгаануудыг харахад автомашинаас гарч байгаа азотын давхар хүчил буюу хорт хий ихсэж байна. Үүнийг багасгахад ч хувь нэмэртэй. 

Тооцооллоор, хүн ам өсөхийн хэрээр Улаанбаатарт жил бүр 20 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэн орж байна. Үүнийг дагаж, дэд бүтцээ тэлэх ёстой. 

-Хотхон, хорооллуудыг төлөвлөлтгүйгээр барьсан нь юунаас болсон гэж харж байна вэ. Цаашид дахин ийм алдаа гаргахгүйн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Хот төлөвлөлтийн тал дээр олон алдаа гарсан. Бид 2020 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх хэсэгчилсэн хөгжлийн төлөвлөгөө баталсан. Гэтэл үүний хэрэгжилт нь маш бага, 29 хувьтай байна. Бид маш олон төлөвлөдөг боловч тэдгээр нь хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөө гаргачихаад, түүнийгээ хэрэгжүүлэх механизм дээрээ алдаж байна.

Би Токиод долоон жил амьдарсан юм. Тэнд орон сууцны өндөр барилга барихдаа хэдэн хүн оршин суухыг тооцоолж, сургууль цэцэрлэгийг нь шийддэг. Мөн нийтийн тээвэр, метроны буудлыг цогцоор нь шийдэж өгдөг. Тэгж байж оршин суугчид ойрхон сургууль, цэцэрлэгтээ хүүхдээ өгөөд, ажилдаа явах боломж бүрдэнэ. Гэтэл ийм байдал манай улсад хэрэгжээгүй. Тод жишээ нь, одоогийн байгаа Улаанбаатар хот шүү дээ. 

Хот төлөвлөлт хийж байгааг харахад, зураг төслөө маш гоё гаргаж, ажлын даалгавраа батлуулж авдаг юм билээ. Гэвч явцдаа энэ нь өөрчлөгдөөд, өндөр шилэн байрилгууд бий болдог.

Барилгын компаниуд ашгийн төлөө байгууллага учир аль болох олон барилга барих нь тэдэнд ашигтай. Тэгэхээр шат шатны албан хаагчдын хариуцлагагүй байдлаас болж байна.

Нэмж хэлэхэд, төсвийн тодотгол хийгдэж байгаа гурав дахь томоохон ажил нь тохижилт. Улаанбаатар хот 2024 оныг тохижилт, бүтээн байгуулалтын жил байхаар зарласан. Урт цагааныг буулгаад, доороо авто зогсоол бүхий ногоон байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн Урт цагаанд байсан урчуудыг 32-ын тойрогт шинээр барилга барьж, урлан бүтээх ажлаа хийх орон зайг нь нээж өгөх гэж байгаа. Мөн тохижилтын ажил хийнэ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу