Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалын мэдээлснээр, урьд шөнө Увс аймгийн Малчин, Ховд сум, Говь-Алтай, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр 0-1 мм цас орж, цасан бүрхүүл энэ хэмжээгээр нэмэгдсэн байна. Өнөөдөр өдөртөө Хангайн нуруу, Орхон голын сав газраар цас орж, маргааш буюу хоёрдугаар сарын 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орох юм байна.

Тэрбээр эхлэхдээ “Хоёрдугаар сарын 24-нд ихэнх нутгаар цас багатай ч хүйтний эрч 3-4 градусаар чангарна. Даваа гариг буюу хоёрдугаар сарын 25-нд Алтайн уулархаг нутгаар цас орж эхэлнэ.

Энэсарын 26-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд Төв, зүүн аймгуудын зарим газраар, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна.

Хоёрдугаар сарын 25-нд Алтайн уулархаг нутгаар орох цас 26, 27-нд голдуу нутгийн хойд хэсгийг хамарч, хүч султай цасан шуурганы үзэгдэл болно. Энэ сарын 25, 26-наас цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээргүй байгаа ч үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваанд халтиргаа гулгаа үүсэх, хаагдах зэргээр орон нутгийг зориход хүндрэл үүсэхээр байна.

Агаарын температурын хувьд хоёрдугаар сарын 24-нд хүйтний эрч чангарах ч 25, 26-нд хүйтний эрч 3-4 градусаар суларна. Хоёрдугаар сарын 27-ноос эргээд хүйтрэх төлөвтэй байна” гэв.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу