Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар, орчны бохирдол хариуцсан орлогч О.Номинчимэгийн өгсөн ярилцлагын онцлох ишлэлүүдээс хүргэж байна. 

-Нийслэл төсвийн тодотгол яаралтай хийх болсон гол шалтгаан нь метро барих. Засгийн газраас Улаанбаатарт метро барих шийдвэр гаргаж, санхүүжилтийн эх үүсвэрийг нийслэл өөрөө шийдэхээр болсон.

-Метро монголчуудын хувьд өмнө нь хийж үзээгүй том бүтээн байгуулалт. Олон улсын туршлагыг харахад метронд маш урт хугацаа, их хэмжээний хөрөнгө зарцуулдаг.

-Метрог аюулгүй, найдвартай барихын тулд бид олон улсын жишгийн дагуу PMC (Project Management Consulting) буюу менежментийн зөвлөх үйлчилгээ, EPC (Engineering, procurement, and construction) буюу гүйцэтгэгч авна.

-Метро барихад 4-5 жил зарцуулагдана гэж тооцоолж байна. Тиймээс 2028 он хүртэлх төсөвтөө метроны гүйцэтгэлийн зардлыг тусгах шаардлагатай гэсэн төсөөлөлтэй байна.

-Нийслэлийн 11 байршилд сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэж байна. Үүний зургаа нь шинэ төсөл. Тэр дотроо тав нь буруу төлөвлөлтийн улмаас бетонон ширэнгэ болсон, нийгмийн суурь үйлчилгээг төлөвлөж бариагүй газруудад. Тодруулбал, “Алтай”, “Кинг тауэр”, “Голден парк” хотхонуудад 960 хүүхдийн багтаамжтай сургууль барихаар төлөвлөсөн. Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны Ногоон нуур орчимд 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барина.

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд тал буюу Баянзүрх дүүргийн 36-р хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барина. Сонгинохайрхан дүүргийн 17-р хороонд барилга худалдаж аваад сургууль байгуулахаар төлөвлөж байна.

-Хүн ам өсөхийн хэрээр Улаанбаатарт жил бүр 20 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэн орж байна. Үүнийг дагаж, дэд бүтцээ тэлэх ёстой.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу