Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Асралтыг хил давж, эх орноос оргон зугтсан гэх мэдээлэл түгээд байна. Өөрөөр хэлбэл, олон нийтийн зүгээс Б.Асралтыг нүүрсний хулгайн хэрэгт холбоотой хэмээн тайлбарлаж, хуулийн байгууллага шалгаж гэм буруутай эсэхийг нь тогтоох ёстой хэмээн үзэж байгаа юм. Тэгвэл Гаалийн ерөнхий газрын дарга асан Б.Асралттай өнөөдөр /2022.12.12/ утсаар холбогдлоо.

Тэрбээр "Би эх орноосоо зугтаагүй, Монголд байна. Зарим хэвлэлээр гарч байгаа мэдээлэл бол ташаа. Би нүүрсний хэрэгт ямар ч холбоогүй. Надад шалгуулахад айгаад байх зүйл байхгүй. Харин ч өөрийн хүсэлтээр шалгуулж, гэм буруутай эсэхээ тогтоолгохоор хуулийн байгууллагад хандсан" гэх тайлбарыг өглөө. 

Засгийн газар өнгөрсөн баасан /2022.12.09/ гарагт ээлжит бусаар хуралдаанаар өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тухайн үед тэрбээр “Би хүрз нүүрстэй ч холбогдоогүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Шаардлагатай тохиолдолд ажлаа хүлээлгэн өгч, шалгуулахад бэлэн. Нүүрсний хэрэг яригдаж эхэлсэн 2013 онд би гаалийн албан тушаал дээр байгаагүй. Дараа нь 2018 онд Ажлын хэсэг гарч, шалгалт зохион байгуулахад нь Ажлын хэсэгт орж ажилласан. Тухайн үед 380 мянган тонн нүүрс алдагдсан байж болзошгүй гэх дүгнэлтийг хуулийн байгууллагад шилжүүлж өгсөн” гэсэн байдаг.