“Иран Орост газар-газар ангиллын олон тооны хүчирхэг баллистик пуужин нийлүүлж, АНУ-ын хоригт хамрагдсан хоёр орны цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн” гэж зургаан эх сурвалж “Ройтерс” агентлагт мэдээлжээ.

Ираны гурван эх сурвалж “Иранаас нийлүүлсэн 400 орчим пуужинд “Фатех-110” ойрын тусгалын баллистик пуужингууд, тухайлбал “Золфагар” зэрэг олон тооны пуужин багтсан” гэж мэдэгдсэн байна. Шинжээчид “Энэхүү пуужин нь 300-700 км (186 ба 435 миль)-ийн зайд байгаа байг онох чадвартай” гэж үздэг.

Ираны Батлан ​​хамгаалах яам болон Хувьсгалт гварди буюу Ираны баллистик пуужингийн хөтөлбөрийг хянадаг элит хүчин энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам тайлбар өгөх хүсэлтэд шууд хариу өгөөгүй ажээ.

Ираны эх сурвалжийн нэг “Тегеран, Москвад өнгөрсөн оны сүүлээр болсон Иран, Оросын арми, аюулгүй байдлын албаныхан хоорондын хэлэлцээрийн дараа дээрх зэвсгүүдийн тээвэрлэлтийг нэгдүгээр сарын эхээр эхлүүлсэн” гэж мэдээлсэн байна.

Ираны нэрээ нууцалсан цэргийн албан нэгэн тушаалтан хэлэхдээ, дор хаяж дөрвөн пуужин илгээсэн бөгөөд ойрын долоо хоногт пуужингууд нэмж илгээнэ гэж мэдэгдэээд, илүү мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Ираны өөр нэг өндөр албан тушаалтны хэлснээр, пуужингуудын заримыг Каспийн тэнгисээр дамжуулан усан онгоцоор Орос руу илгээсэн бол заримыг нь онгоцоор тээвэрлэсэн байна.

Ираны албаны хоёр дахь хүн “Илүү ихийг нийлүүлнэ. Үүнийг нуух ямар ч шалтгаан байхгүй. Бид хүссэн улс руугаа зэвсэг экспортлох эрхтэй” гэж мэдэгджээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Ираны зарим пуужин, нисгэгчгүй онгоц болон бусад технологийн экспортод тавьсан хязгаарлалтын хугацаа аравдугаар сард дууссан. Гэвч АНУ болон Европын холбоо Ойрхи Дорнод болон Орос руу зэвсэг экспортлож буйд санаа зовсны улмаас Ираны баллистик пуужингийн хөтөлбөрт тавьсан хоригоо хэвээр үлдээжээ.

Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу