Найруулагч Ц.Батнайрамдал, жүжигчин П.Мөнх-Од нар оюутан ахуй цагаасаа дотноссоор ханилж, 30 жилийг хамтдаа үджээ. Тэдний харилцаа яг л шинэхэн хосууд шиг халуун, дулаан. “Хамтдаа олон жилийг өнгөрүүлэх тусам нэгэндээ дасаж, уусдаг юм байна. Хоёр бие яг л нэг мэт болчихдог. Ханиасаа түрхэн зуур хол байхад л биеийн минь тал байхгүй юм шиг санагддаг” хэмээн Ц.Батнайрамдал ярина. 

Жүжигчин П.Мөнх-Одын хорвоод мэндэлсэн өдөр хоёрдугаар сарын 19-нд тохиожээ. Эл өдөр тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж таарсан тул нөхөр Ц.Батнайрамдал нь гэргийдээ гэнэтийн бэлэг барьсан юм. Улмаар тэдний бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн. Тиймээс бид тэдний харилцаа болон хайрын талаар ярилцахаар Ц.Батнайрамдалтай уулзлаа.

-Гэргийдээ сайхан гэнэтийн бэлэг барьсан байна лээ. Та хоёр яг л залуухан хосууд шиг юм…

-Од маань хоёрдугаар сарын 19-нд мэндэлсэн юм. Энэ жилийн төрсөн өдрөөрөө тэр Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хэвтэж таарсан. Хань минь гэртээ байхгүй болохоор гэр нэг л эзгүйрээд, эвгүй. Тэр өдөр Одыгоо тэвэрмээр санагдаад байсан. Тэгээд л очиж, уулзаад гэнэтийн бэлэг барихаар шийдсэн юм.

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг хатуу дэг журамтай шүү дээ. Тэрийг нь ч тооцоолохгүйгээр эмнэлэг рүү нь утасдаад, “Хүүхдүүдтэйгээ очоод, ханьдаа бэлэг өгчихөөд л гарч болох уу” гэж асуусан. Тэд зөвшөөрлөө.

Ингээд хүүхдүүдээ дагуулаад эмнэлэг рүү гарсан. Найруулагч хүнд нэг “өвчин” бий. Явж байх замдаа импризаци хийгээд, бэлгээ зүгээр нэг өгөхгүйгээр шавиараа дуулуулахаар шийдэв ээ. Хамтарч ажилладаг “ProSound” студийнхээ Жак дүү залгаж, хөгжим, монитор авсан.

Од бид хоёрын 2008 оны шавь Л.Гончиг П.Адарсүрэн гуайн дуунуудыг сэргээж дуулж байгаа юм. Л.Гончигийгоо гэнэтхэн санаад залгаж, дуудсан. Азаар шавь маань завтай байж таараад, тэр дороо хүрээд ирсэн юм. 

Бидний дурсамжтай хамт байдаг хайрын тухай олон сайхан дуу бий. Тэр дундаас СУИС-ийн захирал асан, доктор, профессор Д.Цэдэв агсны шүлэг, Төрийн хошой шагналт Н.Жанзанноров гуайн ая “Сэвтэй нь үгүй сэтгэл” гэдэг дууг дуулуулмаар санагдсан. Ингээд бөөнөөрөө эмнэлгийн гадна цуглаж, ороод зургаа авах гэтэл шок. “Юу яриад байгаа юм бэ. Энэ бол төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг. Та нар юу яриад байгаа юм бэ. Солиорчихсон юм уу” гэсэн (инээв).

Тэр эмнэлэгт ангийн захирагч, штабын дарга гэж байдаг юм билээ. Бүгдтэй нь уулзаж, учраа хэлсэн. Тэд эелдэгээр хүлээж авсан ч “Урьдчилаад ядаж нэг хоногийн өмнө хэлдэггүй юм уу. Өөрсдийнхөө театр руу ирж байгаа юм шиг яасан гэнэтийн юм бэ” гэсэн. Бид уучлалт гуйж, ойлголцоод, төлөвлөгөөгөө үргэлжлүүлэхээр боллоо. Ингээд эмч рүү нь залгаад, Одыг өрөөнөөс нь гаргуулж ирсэн юм.  

Урьдчилж бэлдэхгүйгээр, богино хугацаанд гэнэтийн бэлэг барьсан учраас их гоё “амьд” болсон. Манай хүний сэтгэл нь их хөдөлсөн юм шиг байна лээ. 

Найруулагч хүн “Чи тийшээ зогс, наадах чинь болж байна” гэх мэтээр зохицуулалт хийдэг болохоос биш өөрсдөө ийм байдалд орж огт үзээгүй юм билээ. Тийм болохоор би өөрөө сандарч, чичрээд байсан. Ханийгаа харахаар л сэтгэл догдлоод байгаа юм чинь. Манай Од бүр гайхчихсан.

Тэр үеийн бичлэгийг шавь нар маань монтажлаад, маргааш нь фэйсбүүкт оруулчихсан байсан. Олон хүн үзэж, сайхан сэтгэгдэл үлдээсэн байна лээ. 

Би эндээс нэг зүйлийг ойлгосон. Монголчууд хайраар дутчихсан юм байна. Яг ийм нандин хайраар дутчихаж. Бид аливааг шүүмжилж, буруутгадаг л хүмүүс болчихсон байна шүү дээ

-Хэд хоног эмнэлэгт хэвтэхэд нь л гэр эзгүйрээд, тэвэрмээр санагдсан гэж байна. Таны гэргий жүжигчин учир зураг авалтад олон хоногоор хөдөө явах тохиолдол гардаг байх. Тийм үед та ирэхийг нь хүлээгээд, хоног тоолоод суудаг байх нь ээ?

-Зав таарвал зураг авалтад нь эхнэртэйгээ хамт явчихдаг юм. Манай урлагийнхан мэднэ дээ. Найраа, Од хоёр дандаа хамт явж байдаг гээд. Гэхдээ мэдээж байнга хамт явж чадахгүй. Тэр үед санана. Ажлаа тараад, гэрийнхээ хаалгыг онгойлгоод ороход хань минь өөдөөс бүлтийтэл хараад зогсож байдаг юм. Гэрт байхгүй бол тэр нь их үгүйлэгдэнэ.

Бид хоёр оюутан байхаасаа хойш нэгнээ түшиж яваа. 30 жил ханилчихаар яг л нэг хүн шиг болчихдог юм байна. Хамт байхгүй л бол биеийн минь тал байхгүй мэт санагдана.

Ганцаараа гудамжаар явахад ч эвгүй. Сугадчихаад хажууд юм яриад явж байдаг хүн байхгүй болохоор хоосон оргиод байдаг юм. Заримдаа утасдаад, хоёр талаасаа уулздаг.

-Зураг авалтаасаа ирэхэд нь бөөн баяр болно биз?

-Тэгнэ. Ирж байна гээд яривал би ямар ч ажилтай байсан хойшлуулаад, тосож авдаг. Хайртай гэдэг үгийг уруул давуулаад чулуудчих амархан. “Хайртай” гэдэг ганцхан л үг шүү дээ. “Хайртай шүү” гээд хүн чамд хэлбэл “Энэ надад хайртай юм байна. Ёстой гоё” гэж бодож болохгүй. Хайр гэдэг зүйл зүрхний чанадад байдаг. Зүрхний чанадад байгаа тэр зүйл үйлдлээр л илэрдэг юм. “Чиний төлөө юу хийж байна вэ” гэдгээс л хайр харагдана. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

                           

Б.ХОНГОРЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу