Байгаль орчин, Аялал жуужлчлалын яам (БОАЖЯ)-наас  Өвлийн аялал жуулчлал, хаваржилтийн нөхцөл байдал, газар ашиглах эрх сунгах, дуусгавар болгох  зэрэг асуудлаар өнөөдөр (2024.02.23) хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө. 

 Тус хэвлэлийн хуралд Байгалийн нөөцийн бодлого, зохицуулалтын газар, Тусгай хамгаалалттай газар, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар, Ойн газар, Усны газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын холбогдох албан тушаалтнууд оролцож хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм.

“Хөх Сувд” мөсний баяр-2024 гуравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд болно

Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраас  “Хөх Сувд” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Монгол орныг сурталчлах ажлын хүрээнд гуравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ жил Монгол Улсын Засгийн Газраас Хөвсгөл аймгийг “Аялал жуулчлалын бүс” болгон хөгжүүлэх зорилт тавьсан ба уг зорилтын хүрээнд GoMongolia – “Өөдөө тэмүүлэх Монгол” үндэсний зорилтод тулгуурлаж “Хөх баавгай” аялал жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж, БОАЖЯ, Азийн хөгжлийн банкны Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой аж.

“Хөх Сувд” мөсний баяр-2024 арга хэмжээнд урлагийн тоглолтууд, Өмнөд Америкийн Эквадор улсын үндэсний соёл, урлагийн илэрхийлэл болсон хөгжмийн “Qirwa Anka” хамтлаг, олон ястны хоолны үзүүлбэр, “Хөх баавгай” лазер шоу, дарвуулт завины үзүүлэн, мөсөн сурын харваа, тахтай морьдын уралдаан, тэшүүрийн тэмцээн, мөсөн дээрх олон таталтын тэмцээн, мөсөн сурын харваа, бөөгийн тахилга, галын наадам зэрэг олон сонирхолтой хөтөлбөр багтсан.

“Бүргэдийн баяр-20 Чингисийн хүрээ цогцолборт болно

Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотод зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр” арга хэмжээг Чингисийн хүрээ цогцолборт 2024 оны  гуравдугаар сарын 9-10-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэжээ.

Уг арга хэмжээ нь Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг.

“Бүргэдийн баяр-2024” арга хэмжээнд Казак үндэсний урлагийн тоглолт, бүргэдтэй парад, морьтон баатрын шоу тоглолт, бүргэдээр хиймэл ан бариулах тэмцээн, тайга нохойн үзүүлбэр, шонхор шувууны шоу тоглолт, казак үндэсний тоглоом, казак гэрээр зочлон казак үндэстний ахуй соёлтой танилцах зэрэг олон хөтөлбөр багтжээ. 

Мөн БОАЖ-ын сайдын санаачилгаар байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хэмжээнд НЭГ ӨДРИЙН ЦАЛИН хандивлах, өвс тэжээл, шатахуун гэх мэт шаардлагатай эд хэрэгслийн дэмжлэг үзүүлхийг уриаллаа. Уг уриалгад БОАЖЯ-ны харья 87 газрын 3191 албан хаагч хамрагдах бөгөөд одоогийн байдлаар 50 гаруй сая төгрөг цуглаад байна. Уг хандив Тусгай хамгаалалттай хамгаалалтын 36 захиргаа, 21 сав газрын захиргаадын албан хаагчдын нэг өдрийн цалин аж.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу