Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан өнөөдөр (2024.02.23) болжээ. Хуралдаанаар Хокүсэйхо А.Даваанинж болон түүний харьяалагддаг дэвжээний багш Хакүхо М.Даваажаргал нарыг шийтгэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна. 

Тодруулбал, Японы мэргэжлийн сүмод барилддаг монгол сүмоч Хокүсэйхо А.Даваанинж дэвжээнийхээ бөхчүүдийг зодож, дэглэдэг байсан нь илэрчээ. Улмаар тэрбээр зодог тайлах хүсэлтээ Сүмо бөхийн холбоонд гаргасан байна. Эл хүсэлтийг нь Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд хүлээн авч, сүмо бөхийн тооноос хасахаар болжээ.

Мөн шавиа хүмүүжүүлж чадаагүй, дэвжээнд нь дэглэлтийн хэрэг гарсан хэмээн Хакүхо М.Даваажаргал буюу Миягино оякатаг хоёр зэрэглэл бууруулж, гурван сарын цалингийн 30 хувиар торгох шийтгэл оноолоо.  

Ингэснээр Японы сүмо бөхөд нийт 45 удаа түрүүлж дээд амжилт тогтоосон их аварга Хакүхо М.Даваажаргал багш нарынхаа дунд хамгийн бага цолтой нь буюу ояката нарын хамгийн доод хэсэгт оров.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу