Төрийн шагналт Б.Цэнддоо “Санал нэхсэн тус” хэмээн цас зудын гамшигт нэрвэгдсэн малчдад өвс, тэжээл хүргэхээр зуны гоёлын дээл, каракуль малгай духдуулан яваа улс төрчдийг маш товчхоноор “шүүмжилсэн” байна.

Монгол орны дийлэнх нутгийг хамарсан цас, зудын нөхцөл байдал хүндэрч мал, малчин аль аль нь туйлдаж, байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөсдөв. Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ аймгуудад ажиллаж цагийн байдал хүндэрсэн малчдын хотонд тав гурван боодлын өвс, ганц хоёр шуудай тэжээл хүргэн ажиллаж байгаа юм.

Авах хүн бөхийж, өгөх хүн гэдийдэг гэдэг ч энэ удаа аль аль нь бөхийж, нахилзаж явна. Тэнгэрийн муухай арилж, хүний муу нь улс төрдөө үлдэх вий гэдэг болгоомжлол илүүдэхгүй санагдах болов. МАН-ынхан эрх барьж байгаа гэдэг утгаараа давуу эрхтэйгээр зудын гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлэхдээ өглөгийн эзэн шиг гоёлын дээлтэй, үнэтэй каракуль малгайгаар гоёж, малчны хотонд бараа бологсод болох 20 гаруй хүний хамт бууж байна.

Малчид зовлонгоо ярьж, улстөрчид ч хамгийн мундаг сонсогчийн байр сууринаас асуудалд хандаж, хоёр гурван боодол өвс, хоёр шуудай тэжээл гэрийнх нь гадна буулгачихаад, бөөн жийп машинтайгаа цас манаруулан давхицгааж байгаа харагдана. Хоёр гурван ширхэг боодол өвс, хоёр шуудай малын тэжээл гардуулахад хорь гучуулаа давхилдаж, хоёр гурван жигнүүр бууз цохичихоод, сонгуулийн сурталчилгаагаа давхар хийж явна.

Сонгуулийн жилийн зуд хэцүү. 1999 оны их зудны араас 2000 онд сонгууль болж арга хэмжээ авч ажиллаж чадаагүй Ардчилсан намынхан ялагдаж байсан юм. Ард түмэн үгсэн тохиролцож МАН-ыг сонгоогүй ч ган, зудны араас монголчуудын сэтгэл санаа мөд сэргэдэггүй болохоор сонголтод нь хүртэл шууд нөлөөлж байгаа харагддаг.

2010, 2011 оны зуданд олон малчин хотоо харлуулж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу хүндхэн жилүүдийг давсан. 2012 оны сонгуульд эрх барьж байсан МАН ялагдаж, АН ялалт байгуулж байх жишээтэй.

2015 оны малын хамар хатгах өвсгүй шахам ган болж, малчид, тариаланчид маш их зүдэрч байсан цаг саяхан. Иргэд мөн л эрх баригч АН-аас нүүр буруулж, МАН-д саналаа өгснөөс хойш тэд тасралтгүй найман жил эрх барьж байна.

Энэ жилийн зудын гамшиг өмнөх жилүүдээс өндөр байна. Иргэд, малчид хэн хэн нь халаглаж, аймаг, сумд хандивын аян өрнүүлж, Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хандивт нэгдэхийг уриалав. Улсаараа хөдөлж, байгалийн давагдашгүй хүчин зүйлийг бага хохиролтой даван туулахаар зүтгэж байгаа нь энэ.

Харин амьдралаас тасарч, ахуй байдлаас холдсон улс төрчид өнөөдөр л ухаан орж мал, малчин хоёртоо анхаарахаар сонгуулийн санал горилох далд агуулгатай малчдад туслах замаар тойргоо усалж явна.

Дархан-Уул аймгаас сонгогдсон Сангийн сайд Б.Жавхлан гэхэд бүсчилсэн тойргоор нэр дэвших болсон Төв аймгийн сумдаар яваа бол ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгаа туушиндчихаад, тойргийнхоо Завхан аймагт ажиллаж байх жишээтэй. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Дорнодоо хаяж, Хэнтийд явна гэх мэтчилэн бүгд л тойргийн усалгаандаа зудын гамшгаар бамбай хийж яваа харагдана. 

 

Өглөг бүхэн заавал хариутай байдаг. Тиймээс энэ удаагийн өглөгийн хариу ирэх сонгуулийн санал болох учиртайг тэд хамгийн сайн мэднэ. Зуд болоход “нохой” зоолдог гэдгийг мартаж болохгүй. Өгсөн өвс тэжээлийг нь авч, буузаа жигнэж өгчихөөд, ирэх сонгуульд саналаа өгөхдөө хэрсүү байгаарай, малчид минь…

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу