Монгол Улсын шигшээ баг Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ны 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд анх удаа шалгарсан билээ.

Манай улсын баг Хятад, Гуам, Японы шигшээ багтай “С” хэсэгт орсон. Улмаар эхний тоглолтоо хоёрдугаар сарын 22-нд Хятадын багтай хийж, 80:49 онооны харьцаатайгаар ялагдал хүлээсэн юм. 

Тэгвэл манай тамирчид өнөөдөр (2024.02.25) эх орондоо Гуамын шигшээ багтай өрсөлдөж, 63:74 харьцаатайгаар ялагдал хүлээлээ.

“FIBA Asia Cup 2025”-ын урьдчилсан шатанд нийт 24 баг дөрвөөрөө зургаан хэсэгт хуваагдсан. Баг тус бүр хэсгийн багуудтайгаа гэртээ болон талбайд нь ээлжилж тоглосноор нийт зургаан тоглолт хийх юм. Хэсэг тус бүрээс хамгийн өндөр оноотой хоёр баг 2025 оны Азийн аваргад тоглоно. Мөн гуравдугаар байр эзэлсэн зургаан баг нэмэлт тоглолт хийж, дөрөв нь Азийн аваргын эрхээ авах юм. “С” хэсгээс Япон, Хятад хоёр тэргүүлэх нь тодорхой.  Монгол, Гуамын хэн хожсон нь гуравдугаар байр эзэлж, эрхийн төлөө дахин өрсөлдөх боломжтой болох юм. Тиймээс манай баг Гуамыг талбайд хожих шаардлагатай байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу