Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ны 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд үргэлжилж байна.

Манай улсын баг Хятад, Гуам, Японы шигшээ багтай “С” хэсэгт орсон. Улмаар өнөөдөр (2024.02.25) эх орондоо Гуамын шигшээ багтай өрсөлдлөө. Харамсалтай нь манай баг 63:74 онооны харьцаатайгаар ялагдал хүлээв. 

Сагсан бөмбөг сонирхогчид эл тэмцээнд оролцож буй үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд ОУХМ Т.Санчирыг багтаагаагүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр буй. 

Т.Санчир Монгол – Гуамын тоглолтын дараа цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ илэрхийлжээ.

Тэрбээр “Сайн байлаа залуусаа. Арай л хол хожигдчихлоо. Дараагийн тоглолтод Гуамыг 12-оос дээш оноогоор хожих шаардлага гарлаа даа” гэсэн байна. 

Сануулахад, “FIBA Asia Cup 2025”-ын урьдчилсан шатанд нийт 24 баг дөрвөөрөө зургаан хэсэгт хуваагдсан. Баг тус бүр хэсгийн багуудтайгаа гэртээ болон талбайд нь ээлжилж тоглосноор нийт зургаан тоглолт хийх юм. Хэсэг тус бүрээс хамгийн өндөр оноотой хоёр баг 2025 оны Азийн аваргад тоглоно. Мөн гуравдугаар байр эзэлсэн зургаан баг нэмэлт тоглолт хийж, дөрөв нь Азийн аваргын эрхээ авах юм. “С” хэсгээс Япон, Хятад хоёр тэргүүлэх нь тодорхой.  Монгол, Гуамын хэн хожсон нь гуравдугаар байр эзэлж, эрхийн төлөө дахин өрсөлдөх боломжтой болох юм. Манай баг Гуамын ирэх 2025 оны хоёрдугаар сарын 20-нд Гуамын талбайд зочилж тоглоно.  

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу