Бидний эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг нь сэтгэцийн эмгэг байдаг. Сэтгэц нь хүний таван мэдрэхүй, зан байдал, сэтгэл хөдлөлд нөлөөлдөг. Бидний нийгэмтэй харилцах харилцаа болон бусад үйл ажиллагаанд сэтгэл зүй шууд нөлөөтэй гэсэн үг.
Сэтгэл заслын олон арга бий Хүмүүс ихэвчлэн гэр бүл, ойр дотнынхонтойгоо нээлттэй харилцаж чадахгүй болсон үедээ сэтгэл зүйчид хандах нь элбэг. Бид энэ удаа урлагаар сэтгэл заслын үйлчилгээ үзүүлдэг “Урлагийн сэтгэл заслын төв”-ийг онцолж байна.
2017 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн уг төв өнгө будаг, зураг, шавар, элс гэх мэт сонирхолтой олон зүйлийг ашиглан, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлдэг.
Улмаар өнгөрсөн оны есдүгээр сараас үйл ажиллагаагаа эрчимжүүлж, хүүхэд рүү  чиглэсэн үйлчилгээ түлхүү үзүүлж эхэлсэн байна. Тус төвөөр гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл болон үл хайхрах хүчирхийлэлд өртсөн, эсвэл сэтгэл зүйн тулгамдсан асуудлаа шийдэж чадахгүй байгаа өсвөр насныхан үйлчлүүлэх нь элбэг аж.
“Урлагийн сэтгэл заслын төв”-ийн сэтгэл засалч, зураач Б.Нарантулгатай бид уулзахаар цаг тохирсон юм. Биднийг өдрийн 12.00 цагт очиход эмх цэгцтэй цэлгэр өрөө, олон төрлийн будаг шунх бүхий тавиур, мөн анхаарал татахуйц элс, шавар, хананд тогтоосон том цаасан дээр олон өнгөөр эрээчсэн байх нь нүдэнд тусна.
“УРЛАГИЙН ХЭЛИЙГ АШИГЛАЖ, ХЭЛ ЯРИАГААР ИЛЭРХИЙЛЭХ БОЛОМЖГҮЙ, ДАЛД УХАМСАРТ БАЙГАА ЗҮЙЛСИЙГ НЭЭН ГАРГАДАГ”

Б.Нарантулга: Манай төв бүх төрлийн урлагийн хэлийг ашиглан, сэтгэл заслын үйл ажиллагаа явуулж байна. Сэтгэл засал болгон өөр өөр арга барилтай. Урлагийн хэл ашиглаж байгаа нь юугаар өөр вэ гэхээр хэл яриагаар илэрхийлэх боломжгүй, далд ухамсарт байгаа зүйлсийг нээн гаргадаг гэсэн үг. Мөн тухайн хүнд ойлгогдохгүй байгаа зүйлийг богино хугацаанд илрүүлэх боломжтой. 

Төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа урлагийн сэтгэл заслын аргуудаас туршиж үзэхийг сэтгүүлч би хүссэн юм. Ингээд эхний арга болох хоосон цаасан дээр байшин, мод, хүн гурвыг хөдөлгөөнтэйгөөр зурах даалгавар авлаа. Уг аргаар хүний сэтгэл зүйн анхан шатны хэлэмжийг тодорхойлж, оношилж болдог ажээ.
Мөн зурах явцдаа биедээ төрж буй мэдрэмжийг тайвнаар ажиглах ёстой гэнэ. Ийнхүү хэсэг хугацаанд өөр зүйлд сатааралгүй зурж дууссаны эцэст сэтгэл засалч тухайн зургийг тайлбарлаж, анхан шатны оношилгоо хийдэг байна.
Тус зургийн цаасанд байрлах эд юмсын байрлалаар хүний сэтгэлзүйн хэрэгцээ илэрхий гарч ирдэг нь надад ч мэдрэгдлээ. Үнэхээр тулгараад байсан асуудлаа магад хэн нэгэнд хэлээгүй явснаа нуух юун. Харин тухайн зургаас энэ бүхэн ажиглагдсан нь уг заслын арга үр дүнгээ хурдан өгдгийг илтгэж байна.
Энэ талаар зураач, сэтгэл засалч Б.Нарантулга хэлэхдээ, “Зарим үйлчлүүлэгч маань юу хүсэж, юунд шаналаад яваагаа эхэндээ мэдэж байсан ч сүүлдээ асуудалтайгаа эвлэрчихдэг. Тэр нь дотроо буглаж, сэтгэл санаанд маш хортойгоор нөлөөлдөг байна. Энэхүү зургийн аргаар хүний сэтгэл зүйн нөхцөл байдал, хэрэгцээг тодорхойлдог. Ингэснээр дараагийн арга хэмжээг авахад дөхөм болдог” гэсэн юм.
Дараагийн сэтгэл заслын арга нь элс байлаа. Ширээн дээр зэрэгцээ хоёр модон хайрцагтай элс байх бөгөөд дээрх хананд олон төрлийн дүр бүхий жижиг тоглоом өржээ.
Эдгээр тоглоомыг ашиглан тухайн элсэн дээр өөрийн гэсэн ертөнц орон зайгаа илэрхийлэхийг үйлчлүүлэгчээс хүсдэг аж. Тухайн хүн өөрт таалагдсан дүрээр элсэн дээр тоглох бөгөөд юмст хэрхэн хандаж, илэрхийлж байгаагаас сэтгэл санааны өөрчлөлт нь анзаарагддаг байна.
Мөн эсрэг хананд маш том хэмжээний цагаан цаас байх аж. Түүн дээр хоёр гартаа тосон харандаа барьж, аль болох чөлөөтэйгөөр юу ч “эрээчиж” болно гэлээ. Ингэхдээ нүдээ аньж, биеэ суллаад, том алдлан зурах юм. Энэхүү аргыг засал маягаар хэрэглэдэг ч ихэнх тохиолдолд тайвшруулах зорилгоор ашигладаг байна.
Сэтгэл зүйн гэмтэл нь бидний тархинд хуримтлагдахаас гадна биед ч мөн хадгалагддаг байна. Үүнийг харилцан яриагаар төдийлөн гаргах боломжгүй бөгөөд өнгө дүрс, хөгжмийн хэмнэлээр ил гаргах нь илүү тохиромжтой байдаг аж.
Үнэндээ энэхүү ханан дээр сараачсаны дараа өөрийгөө илүү чөлөөтэй болж байгааг анзаарсан юм. Дараагийн удаа ганцаараа ирж, энэхүү цэлгэр өрөөнд өнжмөөр ч санагдсаныг нуух юун.
Бид дараа нь үүдэнд байрлах шавар заслын хэсгийг сонирхлоо. Мөн л хавтгай, модон хайрцагт бэлдсэн шар шавар байх бөгөөд түүнийг усалж норгоод, хоёр гараа дүрэх ёстой. Шалба норсон шаварт гараа дүрэхэд эхэндээ нэг тийм цэрвэсэн мэдрэмж төрж байлаа. Үүнийг сэтгэл засалч тайлбарлахдаа “Цээжин хэсэг тань үнэхээр баригдмал байна. Ямар нэг санаа зовсон, татгалзсан байдлаа суллахыг хүсмээр байна” гэлээ.
Хэсэг хугацаанд чөлөөтэй ярилцаж, шавар нухсаны эцэст гарын ар хэсэгтээ ч шавар хүргэмээр мэдрэмж төрөв. Энэ тухай асуувал “Одоо л яг чөлөөлөгдөж эхэлж байна. Сайн мэдэрсэн байна. Бидэнд чөлөөтэй байх боломж тэр бүр гардаггүйн нэг жишээ энэ юм” гэлээ.
Би гараа битүү шавар болгож, хоёр гараа ээлжлэн шавраар буллаа. Хэсэг хугацаанд тоглож, тоглонгоо ярилцаад, халуун бүлээн усанд гараа дүрж цэвэрлэлээ.
Шавар болсон гараа угааж цэвэрлэх энэ үед “чөлөөлөгдөх” мэдрэмж илүүтэй төрөв. Мэдээж гар шаварт булагдаж бохирдсоны дараа халуун усаар угаах шиг таатай зүйл юу байх билээ.
Сэтгэл засалч энэ үед “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд энэ хэсэг бол хамгийн чухал. Цэвэрлэгдэх мэдрэмж гэдэг нь муу муухай, “бузарлагдсан” мэт мэдрэмжээс бага багаар чөлөөлж өгдөг. Тус тусмаа айдас дунд өдийг хүртэл байсан нэгэн энэ аргын дараагаар ярилцахад илүү нээлттэй болж, дараагийн заслын аргыг хэрэглэхэд дөхөм болно” гэлээ.
Энэ бол урлагийн сэтгэл заслын онцлог. “Зүгээр үү, юу хэрэгтэй байна, яаж туслах вэ” гэх мэтчилэн асууж ярилцахаас илүү хүссэн зүйлийг нь мэдрүүлэхэд энэ аргын онцлог оршдог аж. Энэ мэтчилэн хэсэг хугацаанд тус төвд саатаж, олон арга туршиж үзлээ.
Энэ бол бидний нийгэмд тулгарч буй бодит хэрэгцээ. Нийгмийн хаа сайгүй оршин байгаа сэтгэл зүйн асуудлыг тэр бүр бид эдгээж чадахгүй. Харин энэхүү урлагаар сэтгэл засах аргыг санал болгомоор байна. Ямар нэгэн байдлаар бид сэтгэлзүйн баригдмал, ээдрээтэй асуудалтай тулгарч байгаа бол энэ мэт аргуудаас хэрэглэж үзэхэд буруудахгүй болов уу.
“Урлаг гэхээр бид өөрсдөөсөө их холуур гэж ойлгодог. Тэр болгон урлагийн сэтгэл заслын төвд ирээд, оношлуулж, ярилцах боломжгүй байх. Тиймээс урлагийн хэлийг өөр өөрийнхөө хэмжээнд ойлгохыг зөвлөмөөр байна” гэсэн зураач, сэтгэл засалч Б.Нарантулгын үгээр энэхүү сурвалжилгаа төгсгөж байна. 
А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу