Английн зохиолч Жорж Оруэллийн Мянга есөн зуун наян дөрөв “Дистопи” зохиол нь анх 1949 онд хэвлэгдэн гарсан билээ. Энэхүү зохиолд тоталитар засаглалийн аймшигт урхагийг зөгнөн бичсэн бөгөөд хар дарсан зүүд мэт айдас хүйдэс ноёлсон, бүхнийг эрхшээгч “цагдаагийн улс” ирээдүйд тогтож буй тухай өгүүлдэг.
Харин энэ удаад тус романыг Мягмарнарангийн Батболдын найруулж  “Орфей” театрын хамт олон постдрамын жүжиг болгон гуравдугаар сарын 21-ээс эхлэн үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
“Мянга есөн зуун наян дөрөв романд дүрсэлснээр суртал ухуулга явуулсныхаа үрээр тухайн улс бүх иргэнийхээ амьдрал ахуй болоод бодол санаанд бүрэн хяналт тогтоогоод зогсохгүй, тэднийг өөрсдийнхөө бодлогын үүднээс л үг хэлдэг, бодож сэтгэдэг болгох арга журмыг хэрэгжүүлж байгаа нь дэлхийн утга зохиолд хэзээ ч хөндөгдөөгүй тийм л нарийн ширийн задлан дүгнэгдээгүй сэдэв юм” (иш татав)

“Орфей” театрын ээлжит уран бүтээл “1984” жүжгийн гол дүр буюу Уинстон Смитийн дүрд МУГЖ С.Болд-Эрдэнэ тоглохоор болжээ.  Дэлхий дахиныг шуугиулсан хүчирхэг хашхираан бүхий оюун сэтгэлгээний бүтээлд С.Болд-Эрдэнэ гавьяат хэрхэн өөрийгөө эвдэж, тайзан дээр гал асаахыг таашгүй. Энэ мэтчилэн Орфей театрын хамт олон үзэгчдийн хүртээл болох хүртэл ээлж дараалан олон гэнэтийн бэлгийг задлахаар бэлтгэсэн аж.

Жүжиг гуравдугаар сарын 21-нээс эхлэн дөрөвдүгээр сарын 14-ныг хүртэл орой бүр 19:00 цагаас Улаанбаатар зочид буудлын их танхимд тоглогдох юм. 

 Тасалбарыг: https://ticket.mn/event/1959/

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу