“Эрх чөлөө төв”, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос өнөөдөр (2024.02.27) хэвлэлийн хурал хийлээ. Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос дараах судалгааг танилцуулж, түүнээс улбаалах эрсдэлийн талаар тайлбарласан юм. Ингэхдээ улс төрийн хэлмэгдүүлэлт шууд болон шууд бус байдлаар өнөөг хүртэл үргэлжилж буй бөгөөд үүнээс сэргийлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж. 

Энэхүү судалгаа, тэмдэглэлд “Өдгөө улс төрийн шинжлэх ухаанд төрийн яргалал (террор)-ыг хүн амын ямар хэсэг, бүлгийн эсрэг голлон чиглэж, хэнийг устгаж хороох зорилго агуулснаар нь,

    • Төрлөөр устгах /геноцид/,
    • Улс төрийн бүлгээр устгах /политицид/,
    • Нийгмийг бүрдүүлж буй дотоодын анги давхаргаар устгах /полицид/,
    • Угсаатны бүлгээр устгах /этноцид/,
    • Хүн амын нийт бүлэг давхаргыг хамруулан устгах /демоцид/ гэх мэтээр ангилан нэрлэж байна.

Монголын төрийн 1920-иод оноос эхлэн үйлдсэн яргалал нь эдгээр ангилал, хэллэгийн аль алины шинжийг тодорхой хэмжээгээр агуулж байна. Халх, буриад, барга, үзэмчин, ойрд зэрэг монголчууд болон хасгууд ч нэгэн адил яргалалд ертеж хохирсон. Нийт цаазлуулсан, хохирол хүлээсэн хүмүүсийн дотор албан ёсны мэдээгээр 17000 орчим лам хувраг байсан нь тэд энэхүү яргалалд хамгийн ихээр өртсөнийг харуулдаг.

Улс төрийн яргалалд өртсөн цэргийн албан хаагчид нийт хохирогсдын дөрвөн хувь байсан. Яргалалд өртсөн хүмүүсийн дотор цөөнгүй эмэгтэйчүүд ч байсан. Тухайлбал, хошууны дарга Д.Дунгаржид /1901-1933/, Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин Г.Дэмидийн гэргий Навчаа /1906-1937/, түүний эгч Зина, Ма бэйсийн .Дулмаа /1907-1937/, Монгол Улсын хэмжээт эрхт эзэн хааны хатан Н.Гэнэнпил /1905-1938/, багш З.Долгор /1906-1939/ нарын олон эмэгтэй байсны дотор Б.Навчаа, Д.Дунгаржид нар жирэмсэн байсныг өчүүхэн ч хайхраагүй нь хүнлэг ёсноос ангид, үзэшгүй жигшүүрт явдал байсан.

Мөн Г.Дэмидийн төрсөн эцэг, ах, дүү нар, гэр бүлийг, З.Шижээгийн төрсөн эцэг, хоёр ахыг хороож байсны сацуу 10 гаруйхан настай хоёр ч хүүхдийг хувилгаан дүрд тодорсон эсэргүү хэмээн баривчилж, хороосон ба 70-аас дээш настай, хүнд өвчинд нэрвэгдсэн олон хүнийг сэжигтнээр татаж, амь насыг нь хохироож байжээ. Ер нь лам, хар, цэрэг, дарга, малчид, үйлдвэрлэгчид гээд нийгмийн бүхий л бүлэг, давхаргын хүмүүс төдийгүй нялх балчир үрс, настан буурлууд ч яргалалд өртөж байв.

Монгол оронд явагдсан их хэлмэгдүүлэлт нь улс төрийн шинжтэй, улс төрийн нэг үзэл суртлыг баримтлагчид, өөрөөр сэтгэгчид, өөр үзэл бодолтой хүмүүсийн эсрэг чиглэсэн гэдэг утгаараа, түүнчлэн улс төрийн болон төрийн байгууллагуудыг хүчгүйдүүлэн мохооход чиглэсэн гэж үзвэл энэхүү үзэгдэл нь улс төрийн бүлгээр устгах буюу политицид-ийн шинж түлхүү агуулж байсныг эрдэмтэн судлаачид тэмдэглэсэн байдаг.

Төрийн түшээд удирдах ажилтнууд хэрэгт татагдсантай холбогдуулан Улсын их хурал гурван жил тутамд хуралдах ёстой атал 1934 оноос хойш 1940 он хүртэл огт хуралдаагүй, мөн жил тутам хуралдаж, Засгийн газрын үйл ажиллагааны тайлан, улсын төсвийг хэлэлцэж байх үүрэг бүхий Бага хурал 1935, 1938 онд мөн л хуралдаагүй байдаг.

Ганцхан баримт дурдахад, 1939 оны гуравдугаар сард Улсын ХХII бага хурлыг хуралдуулах гэтэл тус хурлын гишүүдийн олонх хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдохоо больчихсон байсан тул ДЯЯ-ны шугамаар эрэн сурвалжлахад Бага хурлын гишүүдээс амьд байгаа 43, тэдгээрийн 13 нь нийслэлд. 30 нь орон нутагт байжээ. Бусад нь улс төрийн яргалалд өртөн амь үрэгдсэн тул тус Бага хурлын 28 гишүүнийг зарлан хуралдуулж А.Амарыг Ерөнхий сайдын албанаас “зайлуулсан” байдаг.

Ийнхүү дээр дурдсан төрийн яргаллын аль нэг категорийг дангаараа бүрэн төлөөлөхгүй, аль алиных нь шинжийг цогцоор агуулсан яргаллыг улс төрийн судлаачид “нийт хүн амын эсрэг яргалал” буюу “демоцид” гэж нэрлэсэн байна.

Дэлхийн 170 гаруй улс орныг эгнээндээ нэгтгэсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдааны 1946 оны арван хоёрдугаар сарын 11-ний өдрийн 96/I/ тоот тогтоолоор “Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм хэрэг үйлдэгчдийг шийтгэн цээрлүүлэх тухай конвенц” батлан гаргаж тус конвенцод нэгдэхийг дэлхийн бүх улс орнуудад хандан уриалсан.

Энэхүү Конвенцод Монгол Улс 1969 онд нэгдэн орж, бүх заалтыг нь дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байна. Иймд коммунист тогтолцооны цөвүүн цаг үед Монголд үйлдэгдсэн их аллага, яргаллыг олон улсад мөрдөгдөж байгаа эрх зүйн нэршлийн дагуу “төрлөөр устгах гэмт хэрэг” гэж Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо албан ёсоор мэдэгдэж, үзэж байгаагаа урьд ч танилцуулж байсан, одоо үргэлжлүүлэн тайлбарлан танилцуулж байна.

Ийм аймшигт үзэгдэл,улс төрийн гэмт хэрэг, учруулсан хор уршиг, гай зовлонгийн тухай яриа бодитой зүйл болсон ба монголын улс төрийн түүхэнд тохиолдсон нийгмийн хар толбо, гэмт явдал мөн.

ДҮГНЭЛТ

Монгол Улсад ХIX зууны ихэнх хугацаанд ямар ч гэм буруугүй олон арван мянган иргэд үндэс угсаа, шашин шүтлэг нэгтэйн хувьд гэмт хэрэгт холбогдон ноцтой хохирол хүлээжээ. Энэ мэдээлэлд дурдсан хүмүүсийн ихэнхийг Монголын төр хожим цагаатгасан нь тэдэнд хүлээлгэсэн гэмт хэрэг, үйлдэл хилс байсны нотолгоо болно.

Энэхүү ноцтой гэмт хэрэг, үйлдлийн үндсэн шалтгаан нь ангиар ялгаварлан хатуу ширүүн тэмцэл явуулж, пролетарийн диктатур тогтоох замаар коммунизмд хүрэх гэсэн төөрөгдлөөс үүдэлтэй байжээ. Энэ талаар 2011 онд хэвлэгдсэн МАН-ын түүхийн III ботид /197 дахь талд/ бичихдээ:

“Хүмүүсийг үй олноор хэлмэгдүүлсэн нь Монголын түүхийн хамгийн гунигт явдлын нэг мөн… Үүний улмаас Монголын ард түмэн туйлын хүнд хохирол үзсэн бөгөөд ялангуяа сэхээтний давхарга онцгой зүдүүр эдэлж, санваартан нар нийгмийн нэг хэсгийн хувьд хэрэг дээрээ устгагджээ” гэсэн байна.

Монгол Улсад өрнөсөн улс төрийн гэмт хэрэг, үйлдэл нь “Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм хэрэг үйлдэгчдийг шийтгэн цээрлүүлэх тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Конвенцод дурдсан үндсэн 5 шинжийг өөртөө агуулж байна. Манай оронд иргэдээ ангич үзлийн үүднээс зохиомлоор хоёр хуваагаад “жинхэнэ бус ард” гэгдэгчдийн эсрэг явуулсан үйлдэл нь төрлөөр устгах гэмт хэрэг, үйлдэл мөн хэмээн үзэж байна.

Энэхүү судалгаа, дүгнэлтийн үндсэн ач холбогдол нь Монгол Улсад төрлөөр устгах гэмт хэрэг дахин давтагдахаас сэргийлэхэд тус нэмэр болоход оршино.

Хамбын овооны баруун жалгаас олдсон 600-аад хүний духандаа сумны нүхтэй шарилын тоо, Монгол орны 700 гаруй сүм, хийдийн ойролцоох жалга, судгуудад орхимжоороо хөгнүүлэн төрийн ямар ч шийдвэргүйгээр өт хорхой мэт хөнөөгдсөн үй олон лам, хуврагуудын тоо лав ороогүй байх.

Төрийн яргалалд хүргэгч хүчин зүйл гэвээс тахин шүтэгдсэн нэг удирдагч ч бус, гаднын хэтийдсэн нөлөө ч бус, зарим иргэдийнхээ амийг золих замаар тусгаар тогтнолоо арайхийн авч үлдсэн гэх балайрал ч биш харин өөрсдийн сохор таамаглалыг цор ганц үнэн хэмээн мунхаглаж, бусдын үзэл бодлыг үл тэвчих, “ууланд адуу үргэхэд талд илжиг шооргонох” адил даган хөөрцөглөх хийрхэл, тийм үзэл сурталд дөрөөлөн, харьяат иргэнээ хоморголон хөнөөх эрх мэдэл эзэмшигч төрийн дэглэм, тийм хоосон суртлыг гүйцэлдүүлэгчид болох хэт хувьсгалч, дутуу боловсорсон хэнээтнүүд байдаг ажээ.

Өнгөрсөн түүхээс авах сургамж гэвэл нийгмийн ийм гажуудал, завхралыг Монголын хөрсөнд дахин соёолох, дэлгэрэхээс сэрэмжлэх явдал болно” гэжээ. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу