Регги урсгалаар уран бүтээлээ туурвиж, mүүгээрээ дамжуулан нийгэм төдийгүй улс төрийн болж бүтэхгүй байгаа асуудлуудыг егөөдөж гаргадаг уран бүтээлч М.Шижир-Эрдэнэ буюу Жийжатай ярилцлаа.
Тэрбээр өнөөгийн нийгэмд тэмдэг, одон, медаль зэргийг ямар ч шалгуургүйгээр хүмүүст өгч байгааг егөөдөж өөрийн үүсгэсэн “Монголын пивочдын намын хаврын чуулган 20, 24” нэртэй эвент зохион байгуулах гэж байгаа юм. Регги урсгалаар 14 жил дуулж буй М.Шижир-Эрдэнэ одоо маркетингийн менежерээр ажиллаж байна. 
-Таны бага насны дурсамжаар ярилцлагаа эхлүүлье. Бага насаа хаана өнгөрүүлсэн бэ?
-Бага насаа Дундговь аймагт өнгөрүүлсэн. Улаанбаатар хотод анх дөрөвдүгээр ангидаа орж ирсэн. СУИС-ийн Радио телевиз, мультимедиа урлагийн сургуулийг телевизийн найруулагч мэргэжлээр төгссөн. Үүнээс хойш сурсан зүйлээ маркетингийн чиглэлтэй хослуулан ажиллаж байна. 
-Таны нэр их сонирхол татаж байна. Яагаад Жийжах гэдэг нэрээр уран бүтээлээ туурвих болов?
-Манай эмээ намайг бага байхад Жийжа гэж авгайлж, өхөөрдөж дууддаг байсан. Улаанаа гэдэг шиг л гэр бүлийн нэр гэсэн үг. Ингээд регги сонирхож эхэлдэг болоод, судлаад уншсан чинь реггид Жа гэдэг бурхан байдаг байж таараад. Бичихдээ ингээд биччихвэл миний уран бүтээлийн нэр болж таарах юм байна гэж бодоод, эмээгийнхээ өгсөн нэрээр л одоо болтол уран бүтээлээ хийгээд явж байна. 
-Анх хэзээнээс эхэлж регги урсгалыг сонирхож, уран бүтээлээ туурвиж эхэлсэн бэ? Таны дуунууд дундаас хүмүүсийн хамгийн сайн мэддэг ямар дуу байна вэ?
-Анх регги урсгалыг 2008 оноос сонирхож эхэлсэн. 2010 онд анхны дуугаа бичиж, 2015 онд анхны клипээ цацаж байсан. Үүнээс “Пиво ууяа” дууг маань хүмүүс түлхүү мэддэг. 
-Таны стиль, имиж дуучин Боб Марлитай их төстэй харагдаж байна. Тус уран бүтээлчийн дууг сонсдог уу?
-Хамгийн анх регги урсгал сонирхож эхлэхэд хамгийн таалагдсан артист бол Боб Марли байсан. Тэр хүний дууг сонсоод, дууг нь орчуулж, утга санааг нь ойлгож авдаг байсан. Түүнээс хамгийн таалагдсан зүйл нь зөвхөн аз жаргал, сайн сайхан дуулахгүйгээр болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийг ёжлоод дуулчихдаг. Тэр нь таалагддаг байсан. 
-Регги урсгалаар уран бүтээлээ туурвидаг хүмүүс хэн нэгний зохиосон аяыг чөлөөтэй ашиглах боломжтой байдаг гэж сонссон. Энэ талаар тодорхой ярихгүй юу?
-Жишээлбэл, продюсер нэг ая хийчихээд, түүнийгээ 10-аад төрлийн артист руу явуулаад, тэмцээн зохион байгуулдаг. Тухайн аянд гоё дуу хийсэн артистын дууг хамгийн түрүүнд олон нийтэд цацна гэдэг ч юм уу, үлдсэн артистууд нь дараа дараагаар цацна гэх мэт. Нэг аянд хэдэн ч уран бүтээлч дуу хийж болдог. Реггид тийм төрлийн аяыг “Редим” гэж нэрлэдэг. 
-Одоогоор Монголд энэ урсгалаар уран бүтээлээ туурвидаг хэчнээн уран бүтээлч байна вэ?
-Энэ урсгалаар уран бүтээлээ туурвидаг артистууд хэд хэд байдаг. Яг одоогоор идэвхтэй байгаа уран бүтээлчид нь Ratabuzz, Macho хоёр дээр би нэмэгдээд, гурав л байна. 
-Регги урсгалаар уран бүтээлээ хүмүүст хүргээд ямар мэдрэмж авдаг вэ?
-Өөрийнхөө мэдрэмжийг бусдад түгээж байгаа нь л гоё. Яг энэ тэр урсгал гэхээсээ илүүтэйгээр хүмүүсийн хүлээж авч байгаа нь гоё мэдрэмж төрүүлдэг. 
-“Пиво ууяа” дуу төрсөн түүхээс хуваалцахгүй юу?
-2016 онд Италид “Регги” фестивальд оролцох гээд. Тэнд гурван сар эхнэр, хүүхэдтэйгээ хамт амьдарсан. Тэгээд пиво хамт уух ханьгүй болоод, найзуудаа санаад, анх энэ дууны клипээ хийсэн. Клипээ хийж байхдаа ажил амьдралаа ч гэсэн пивотой холбовол гоё юм байна гэж бодож байсан. Ингээд 2017 онд дуугаа цацсан. Дараа нь 2019 онд пивоны үйлдвэрт ороод, өөрөө пиво гаргасан. Одоо ч гэсэн “Монголын пивочдын нам” гэсэн фэйсбүүк групптэй.
Анх 2021 онд үүсгэсэн. Би нийгмийн болох бүтэхгүй зүйлийг уран бүтээлээрээ дамжуулан шүүмжилж байна. Мөн өөрийнхөө амьдрал дээр пиво уудаг хүмүүсийг нэгтгэж, эргээд эдгээр хүмүүс маань улс төрийн болж бүтэхгүй байгаа зүйлсийг шүүмжилж байгаа юм. Одоо үүнтэй холбогдуулаад пянзаа гаргана. Пянзанд минь орсон бүх дуу маань улс төр, нийгмийг шүүмжилсэн шинжтэй. 
-Таны үүсгэн байгуулсан “Монголын пивочдын нам”-ын эвент болох гэж байгаа юм байна. Тус эвент хэзээ, хаана болох вэ?
-Одоо “Монголын пивочдын намын хаврын чуулган 20, 24” гэдэг нэртэй эвент зохион байгуулагдах гэж байгаа. Тус эвент маань “Их Монгол” ресторанд 2024 оны гуравдугаар сарын 2-ны Бямба гарагт болно.
-Яагаад тус эвентийг зохион байгуулахаар болов? Нууц биш бол эвентийн гол сюрпризүүдээс зардлахгүй юу? 
-Шагнал, одон медаль үнэгүйдчихсэн шүү дээ. Үүнийг егөөдөөд, “Соёлын тэргүүний пивочин”, “Монгол ардын пивочин” гэсэн хоёр тэмдгийг эвентэд маань ирсэн хүмүүст гардуулж өгнө. Ингэхдээ мэдээж пивонд үнэтэй хувь нэмэр оруулсан Ганхүү ах, “Нисванис” хамтлагаас эхлээд эдгээр хүмүүст “Монгол ардын пивочин” гэсэн тэмдэг өгнө. Харин такс авч байгаа хүмүүстээ “Соёлын тэргүүний пивочин” гэсэн тэмдгийг дагалдуулж өгч байгаа юм.
Энэ нь юу вэ гэхээр зөвхөн энэ СТА гэлтгүй бусад цол тэмдгүүд ямар ч үнэгүй болчихсоныг хүн болгон л мэдэж байгаа. Хятадаас ирээд, “Нарантуул зах”-аас л авч байгаа юм шиг авдаг болчихсон шүү дээ. Үүнийг л егөөдөж, таксанд дагалдуулж өгч байгаа юм. Маш чухал бодлого яриад сууж байх ёстой дарга нар нь хөдөө орон нутаг руу явчихсан, боодолтой өвс өгөөд, цэнхэр цүнхнээс шоколад гаргаж ирснээ “Энэ бол эрдэс баялаг ихтэй сайн шоколад байна” гээд зарим дарга нар явж байна шүү дээ. Үүнийг л өөрийнхөө уран бүтээл, эвентээрээ егөөдөж байгаа юм. 
Энэ эвент маань бүх хүнд нээлттэй. Харин такс нь 20 мянган төгрөг. Эхний 50 хүнд соёлын тэргүүний пивочин гэсэн тэмдгээ өгнө. Үргэлжлүүлээд нээлтийн үеэр “Монголын пивочдын нам”-ын “Бид хэнийг ч уудаг пивоор нь ялгаварлан гадуурхахгүй…” гэдэг уриа үг байдаг үүнийгээ уншиж, ХАБ-ын зөвлөгөө зэргийг өгнө. Энэ мэтээр эвент маань хөтөлбөрийн дагуу хөгжилтэйгөөр зохион байгуулагдана. Хүн инээх үедээ сонссон мэдээлэл нь тод санагдаж байдаг. Тийм учраас егөөдсөн зүйлүүдийг ирсэн хүмүүстээ хөгжилтэйгөөр, хөнгөхөн хүргэнэ. 

Эвентэд хүрэлцэн ирэх уран бүтээлчдийн хувьд “Нисванис” хамтлаг, Wolfizm, реппер Don Dior, комедиан Бээгий, комедиан Мөнхбат, дуучин Темка гээд залуу байгаа. Мөн би өөрөө дуулна. 

Таны үсний засалт их содон юм. Энэ үсээ хийлгээд хэр удаж байна вэ?
-Үсний засалт маань “Dreadlock” гэдэг нэртэй. Маш олон цагаар нэхмэлийн зүүгээр ширэлдүүлж хийдэг. “Регги” хүмүүсийн дунд нэг хөгжилтэй яриа байдаг. Тэр нь “Шүүлтийн өдөр ирэхэд (дэлхий усанд автахад) Жа гэдэг бурхан чамайг энэ үсээр чинь таньж уснаас татаж гаргана” гэж хошин байдлаар тайлбарладаг. Тэд христ, растафари шашинтай. Энэ хоёр шашин нь хоорондоо төстэй.
Миний хувьд 2016 оноос хойш энэ засалттайгаа байгаа. Яваандаа хүнд болоод, хуйх нь дийлэхээ байгаад, халцарч эхэлдэг. Тэр хүртэл нь л энэ үстэйгээ явах байх. Бусдаар бол авах, солих бодол байхгүй. Анх 2012 онд хийлгэчихээд, 2015 онд хүүхэд маань төрөхөд эмнэлэг рүү орох гээд үсээ угаар нь хайчлуулсан. Тэгээд 2016 он хүртэл ургуулаад энэ үсээ дахиж хийлгэсэн. 
-Цаашдаа хийх уран бүтээл, ажлынхаа төлөвлөгөөнөөс хуваалцахгүй юу?
-Ямар ч байсан 5, 6 дугаар сард 10 инчийн пянз маань гарчих байх. Үүнд “Нисванис”, “Хонх” хамтлагийн нэг нэг дууг регги болгож коверлосон. Мөн реппер Катай хамтарч дуу хийсэн. Үлдсэн хоёр дуу маань мөн л нийгмээ шүүмжилсэн. Ийм таван дуутай пянз гарч байгаа. Үүний хүрээнд хоёр, гурван клип цацагдах байх. Пянзны нээлтийн үдэшлэг гэж бас болно.
Хэрэв амжвал анхны бие даасан тоглолтоо хийж магадгүй. Бас нэг зүйл нь Монголд ойрхон Азийн улсуудаар амьд хөгжмийн хамтлагтайгаа хамт аялан тоглолт хийх төлөвлөгөө бий. Эхний ээлжид Тайланд, Японы газруудтай холбогдож ярилцаад, өдрөө тохирох гээд явж байна. 
-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. 
Н.УЯНГА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу