“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөн өнөөдөр /2023.03.21/ боллоо. 

Тус зөвлөгөөнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, Турк улсад үүрэг гүйцэтгэх явцдаа ажигласан барилгын чанар, гамшгийн үед даван туулах чадамжийн талаар мэдээллийг хүргэв.

Тэрбээр “Туркад болсон газар хөдлөлтөөс олон зүйл ажиглаж болно. Улаанбаатар хотын баруун захаас зүүн зах хүртэлх хэмжээтэй харьцуулахад зам дагуух бүх барилга байгууламж нь нурсан байсан. Барилгын дүүргэлтэд хэрэглэсэн тоосго нь маш чанаргүй хэврэгээс гадна стандартын хувьд хангалтгүй материал хэрэглэсэн. Угсармал барилга байгууламжийг чанарын өндөр түвшинд угсраагүйгээс үүдэн маш их хэмжээний хохирол учирсан байгаа юм. 

Мөн газар хөдлөлтийн үед иргэд сандарч, эмх замбараагүй байдал үүсгэх нь маш их хүндрэл учруулдаг. Тийм учраас хурдан хугацаанд зохион байгуулалтад оруулах шаардлагатай байдаг.

Бодит байдалд үндэслэн жишээ авахад, Улаанбаатарт нэгдүгээр хорооллын есөн давхар барилга нурлаа гэж бодоход бид хотынхоо бүх нөөц боломжийг шавхаад ч дийлэхгүй. Тэнд маш эмх замбараагүй гамшгийн байдал үүснэ. Техник хэрэгслийн хомсдол ч үүснэ. Тийм учраас НЗДТГ, ОБЕГ, ҮАБЗ хамтарсан сургуулилтыг тавдугаар сарын 24-26-ны хооронд хийх гэж байгаа. Үүнд бүх шатны албан хаагчдыг оролцуулж, томоохон хэмжээний сургуулилт явуулна.

Гамшгийн үед хэрхэн ажиллах,  гаднын улс орноос тусламж үйлчилгээг хэрхэн авах, өвлийн улиралд газар хөдөлбөл дулааны шугам хоолой ямар байдалд хүрэх гэх мэтчилэн бүх нөхцөл байдлыг томоохон хэмжээнд авч үзэж, урьдчилан төлөвлөх хэрэгтэй. Ингэхдээ урт болон богино хугацаанд сэргээн засварлах, нийгмийн байдлаа хадгалж үлдэх чадамжтай болгохын тулд тал талын удирдлагууд нэг дор цуглаж, тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу