“Грозный хотын Висаитовский дүүргийн шүүх Коран судар шатаасан Никита Журавелд 3.5 жилийн хорих ял оноолоо” гэж “Mash Telegram” суваг мэдээлэв.

Шүүхээс түүнийг бүлэг хүмүүстэй урьдчилан тохиролцож, мөргөлийн газарт Коран судар шатааж, сүсэгтэн олныг доромжлон, сэтгэл санаанд нь хохирол учруулсан гэм буруутайд тооцжээ. Улмаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Никита Журавел 2023 оны тавдугаар сарын 4-нд Волгоград дахь лалын сүмийн өмнө Коран судар шатааж, бичлэг хийжээ. Түүнээс хойш хоёр долоо хоногийн дараа тус бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан байна.

Журавел хэлэхдээ “Судар шатаахаас өмнө Украины тусгай албаны төлөөлөгч түүнтэй холбогдож, 10 мянган рублийн шагналтай даалгавар гүйцэтгэхийг санал болгосон” гэжээ. Тэрбээр энэ үйлдлийнхээ үр дагаврыг огт тооцоолоогүй, зөвхөн мөнгө олох хүсэлдээ хөтлөгдсөнөө мэдүүлсэн байна.

Чечений 13 имамыг энэхүү гэмт хэргийн хохирогчоор тогтоожээ.

Эх сурвалж: RBK, LENTA, V1
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу