Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 2,136,563 толгой мал хорогдоод байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас мэдээлэв.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хорогдсон малын тоо 85.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Тодруулбал Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дундговь аймгуудад малын хорогдол хамгийн өндөр байгаа аж.

2010 оны зудаар улсын хэмжээнд 10.3 сая гаруй толгой мал хорогдсон бөгөөд тухайн жилийн хоёрдугаар сарын мөн үед 1,536,916 толгой мал хорогдсон байжээ.

Дашрамд дурдахад, Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр (2024.02.27) Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, дээрх аймгуудад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Зэвсэгт хүчний 11 ангийн нийт 210 гаруй хугацаат цэргийн алба хаагч, 21 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхээр болсон талаар мэдээлсэн билээ.

Алба хаагчдыг малчны хотонд очих аюулгүй байдлыг хангах, ажлын багаж хэрэгслээр хангаж ажиллахыг аймгийн Онцгой комист үүрэг болгов. Алба хаагчид тухайн орон нутгийн хүн хүч багатай малчин өрхүүдэд тусалж, зуданд хорогдсон, цасанд дарагдсан малын сэг зэмийг цэвэрлэх, шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу