НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (ХХААБ) дэд захирал Маурицио Мартина “Газын зурвасын 2.2 сая оршин суугчийн бараг 380.000 нь Хүнсний аюулгүй байдлын цочмог ангилалд (IPC) зааснаар гамшгийн байдалд байна” гэж мэдэгдэв.

Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр үг хэлэхдээ “378.000 хүн гамшгийн IPC-ийн тав дахь үе шатанд байна гэж тооцоолж байна. Энэ нь хоол тэжээлийн хомсдолын хамгийн хүнд үе шат юм. Энэ нь хоол тэжээлийн дутагдын улмаас нас баралтын түвшин нэмэгдсэнээр тодорхойлогддог” гэжээ.

Мартина мөн “Дэд бүтэц, тэр дундаа хүнсний үйлдвэрлэл, боловсруулалт, түгээлтэд чухал ач холбогдолтой дэд бүтэц “хүндээр гэмтсэн, эсвэл сүйдсэн” байна” гэж хэлсэн байна.

ХХААБ-ын төлөөлөгч мөн Газын зурвасын оршин суугчдын хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд байлдааны ажиллагааг зогсоох шаардлагатай гэж мэдэгджээ.

Тэрбээр “Бүх тал олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, түүнчлэн хүний ​​эрх, энгийн иргэдийн эрхийг хамгаалах үүргээ хүндэтгэх ёстой. Галыг нэн даруй зогсоож, энх тайван тогтоох нь хүнсний аюулгүй байдал, хүний ​​хоол хүнс авах үндсэн эрхийг хэрэгжүүлэх зайлшгүй нөхцөл юм” гэж хэлсэн байна.

НҮБ-ын ХХААБ хоёрдугаар сарын 13-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанчлан Газын зурваст хурцадсан мөргөлдөөн “хүнсний хомсдол, өлсгөлөнгийн байдал урьд байгаагүй өндөр түвшинд хүрч байна. Тиймээс “хүнсний аюулгүй байдлын цочмог ангилал дор амьдарч буй 2.2 сая хүн бүгд онцгой байдал, хямралаас гамшиг хүртэлх 3, 4, 5-р бүлэгт багтаж байна” гэжээ.

Америкийн удирдагч Жо Байден “Хэрвээ бид түр гал зогсоох тохиролцоонд хүрвээс Газын зурвасын нөхцөл байдал, болж үйл явдлын өрнөлийг өөрчилж чадна гэж би бодож байна” гэж хэлсэн билээ.

Тэрбээр Израилын тал Палестины ХАМАС хөдөлгөөний барьцаанд буй хүмүүсийг суллахын тулд лалын шашинтнуудын хувьд ариун Рамадан сарын үеэр байлдааны ажиллагаа явуулахгүй байхаар шийдвэрлэснээ мэдэгдсэн.

Жо Байден “Юуны өмнө барьцаалагдсан хүмүүсийг суллах ёстой. Израилчууд Рамадан сарын үеэр барьцаанд байгаа бүх хүнийг суллах цаг гаргахын тулд ямар ч ажиллагаа явуулахгүй гэж тохиролцсон” гэж цохон тэмдэглэжээ.

Тэбээр ирэх даваа гараг буюу гуравдугаар сарын 4-ний өдөр гэхэд Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн билээ.

Эх сурвалж: TASS, NBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу