Хотын дарга ойрдоо хилэн ихтэй байна. Тэр Улаанбаатарт метро барихыг эсэргүүцэгчид рүү цахим хуудсаараа дамжуулан ууртай гэгч үгс “чулуудав”.

Түүнд “Газрын наймаачдын захиалгаар нэг галзуу лайвчин гарч ирээд, метро эсэргүүцэж байна. Энэ Монгол Улс хөгжчих вий, дээшлээд дэвшчих вий гэсэн атгаг санаатнууд, элдэв эрх ашиг нь хөндөгдсөн хулгайч нар гадна, дотны захиалгаар над руу дайрч, давшилж байна.

Энэ хавар энэнээс ч илүү юм үзэх юм шиг байна. Энэ мэт нь намайг мохооно гэвэл бүтэхгүй гэдгийг хэлье!

Метро барьчихвал Монгол Улс сүйрнэ, дампуурна гээд байгаа хүмүүст хэлэхэд, метрог бид өөрсдөө барихгүй. Гадаадын инженерингийн компани ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж, тендерээр шалгарсан гадаадын гүйцэтгэгч компанид хяналт тавьж бариулна.

“Жайка” (Jica)-гийн ТЭЗҮ хийж байх үеийн Улаанбаатар хотын эдийн засгийн чадамж тэр үеэ бодвол дээшилсэн. Санхүүжилтийг нийслэл хот өөрөөсөө шийднэ. “Жайка”-гийн судалгаагаар Улаанбаатар хотын метро ашигтай байхаар тооцоолол гарсан.

Нийтийн тээвэр хөгжсөнөөр санхүүгийн ашгаас илүүтэй хотын эдийн засаг тэлэх, цаг хугацаа хэмнэх, түгжрэлээс үүдэлтэй цаг минут бүхэнд алдагдаж буй боломжийг зогсоох гэх мэт илүү өргөн хүрээнд ашиг тусаа өгнө.

Ер нь тэгээд хийе гэсэн хүнд арга, хийхгүй хүнд шалтаг олдоно. Энэ сарын 29-нд эхний нээлттэй олон улсын тендерээ зарлана” гэжээ. Тэгэхээр өнөөдөр метро барих тендер зарлагдах нь.

Улаанбаатар метротой болно гэдэгт та итгэж байна уу

Улаанбаатар хот метротой болно гэдэгт итгэх иргэн цөөхөн бололтой. Учир нь, зарим иргэд Дарханы зам, Яармагийн нүхэн гарц, усан оргилуур, ногоон автобусны хэрэг гэх мэт олон “бүтэлгүйтэл”-ийг дурдаж, “Та нарыг метро аятайхан барина гэж тэнэг хүн л итгэх байх” хэмээн даапаалжээ.

Зарим нь “Метроны хувьд Амгалангаас-Толгойт хүртэл үнэхээр ядмаг шүү. Налайхаас-Шинэ нисэх буудал руу тавьж байж эдийн засгийн ашигтай болоод хот тэлэлтийн бодлого болно.

Өнөөгийн эрх баригчид метро барина гэдэгт итгэхгүй. Автобусаа арчилж авч явж чадаагүй хүмүүс метрог бүр ч чадахгүй. Үгээгүй ядуу хэвтэж байж шинэ тавилга авах гэж буй тэнэг айл шиг харагдаж байна.

Метроныхоо төсвийн хагасаар автобусаа өөд нь тат! Машинаа цэгцэл” гэх мэтчилэн санал сэтгэгдлээ илэрхийлэв.

Дэлхийн 10-20 сая хүнтэй хотуудад метро зардлаа нөхөж чаддаггүй, татаасаар явдаг гэх. Монгол Улсад 1 сая хүний хэд нь метрогоор өдөр бүр явах бол гэдэг бас асуудал шүү.

Сонгууль ч дөхөж. Ямартаа ч метро барих олон улсын тендер зарлагдвал ажил эхэлж байна гэж “тоох” нь дамжиггүй.

Улаанбаатарт метро барих төлөвлөгөө, үндэслэл, зардлын тооцоо, санхүүжилтийн талаарх урьдчилсан тооцооллыг хамтдаа сонирхоцгооё.

“Метро” барих төлөвлөгөө

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр “метро” байгуулах төслийн танилцуулгад дурдсанаар, Энхтайваны өргөн чөлөөг хамруулсан хөндлөн чиглэлийн хувьд энгийн 8, хаб буюу газрын гадаргуу дор цаг агаарын нөхцөлөөс үл хамааарах нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг нэгтгэсэн цогц хэлбэр бүхий зогсоол 8, нийт 16 зогсоолтой байхаар урьдчилсан байдлаар төлөвлөжээ.

Хоёр байршилд метроны эцсийн зогсоол байх бөгөөд уг эцсийн зогсоолуудад барьж байгуулах их багтаамжийн авто зогсоол, “Улаанбаатар метро” компанийн оффиссын барилга барих аж. Мөн төслийн барилга угсралтын нийт зардлын 40 орчим хувь нь буудал, өртөө, депо, хөдлөх бүрэлдэхүүн зэрэгт 60 орчим хувь дэд бшүтэц, тунелийн ажилд зарцуулагдана гэж тооцжээ.

Депо байгуулах боломжит гурван байршлыг судалж тогтоожээ. Үүнд:

    1. Хөдлөх бүрэлдэхүүний вагон депо, удирдлагын төв болон засвар үйлчилгээний барилга байгууламжийн зориулалтаар 110.06 га газрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 39 дүгээр тогртоолоор улсын тусгай хэрэгцээнд авах газрын байршлын координатыг баталжээ.
    2. Олон Улсын худалдааны логистикийн төв” ОНӨХХК нь нийслэлийн өмчит байгууллагад 103 га газар эзэмшиж байгаа бөгөөд Хөдлөх бүрэлдэхүүний вагон депо, удирдлагын төв болон засвар үйлчилгээний барилга байгууламжийг байгуулах боломжтой. Хэрэв энэхүү байршлыг сонговол нэмэлтээр Сонсголонгийн уулзвараас тус байршил руу нэмэлтээр 7 км зам тавих шаардлагатай болох аж.
    3. Баянзүрх дүүргийн Амгалан орчимд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэн болон бусад аж ахуйн нэгжийн эзэмшлийн 51 га орчим газарт Хөдлөх бүрэлдэхүүний вагон депо, удирдлагын төв болон засвар үйлчигээний барилга байгууламжийн зориулалтаар газар чөлөөлөх шаардлагатай болох нь.

Хөндлөн тэнхлэгийн дагуу трасс сонгох үндэслэлийн хувьд, Хөдлөх бүрэлдэхүүний вагон депо, удирдлагын төв болон засвар үйлчилгээний барилга байгууламжийн зориулалтаар Буянт-Ухаа дахь 110.06 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах зорилгоор байршлын координатыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 39 дүгээр тогтоолоор баталсан. Мөн их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгслийн вагон депо, дагалдах инженерийн байгууламж, төмөр зам болон авто замын орц гарцын ерөнхий төлөвлөлтийн зургийг гүйцэтгүүлжээ.

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Их хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал орчим Шинэ Зуунмод хотыг байгуулахаар шийдвэрлэж, ерөнхий төлөвлөгөөөг баталсан.

Иймд хөндлөн тэнхлэгийн дагуу трассыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төлөвлөснөөр, цаашлаад Сонсголонгийн замаар Хөшигтийн хөндий дэх шинэ хот болон Төв аймаг чиглэлд Улаанбаатар хотыг холбох боломжийг бүрдүүлэх ажээ.

Нийслэл хот хөндлөн чиглэлд сунаж тогтсон бүтэцтэй, түүнийг дагаад бизнесүүд өргөжин тэлж, бүтээн байгууллалтууд ихээр явагдан, барилгажилт болон хөдөлгөөний нягтрал улам бүр нэмэгдэж буй. Иймд хотын хамгийн ачаалалтай бүс болох Энхтайваны өргөн чөлөөний дагуух түгжрэлийг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж үзжээ.

Газар доорх хот төсөөлөл

Эрс тэс буюу хэт хүйтэн, эсвэл халуун уур амьсгалтай улс оронд газар доорх хотууд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг газар доор метроны системийг түшиглэж хөгжүүлэх боломжтой. Метро зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэхээс гадна газрын гадаргуу дор, цаг агаарын нөхцлөөс үл хамаарах нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг цогц хэлбэрээр үүсгэх боломжтойгоороо онцлог юм.

Энхтайваны өргөн чөлөө дагуу олон тооны худалдаа, үйлчилгээний байгууллага байрладаг. Эдгээр нь түгжрэлд ихээхэн хэмжээгээр нөлөөлдөг. Тиймээс олон улсын жишгээр метроны шугам сүлжээг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зарим худалдаа, үйлчилгээг газар доор шилжүүлж, улмаар цаг агаарын нөхцөлөөс үл хамаарах ажлын байр нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж тооцоолжээ.

Зардал, санхүүжилтийн эх үүсвэрийн урьдчилсан тооцоолол

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро нэвтрүүлэх төслийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөөг хамруулсан хөндлөн чиглэлд, мөн шинэ хотын төв болох Яармагийг Хөшигтийн хөндийн чөлөөт бүстэй холбох чиглэлд хоёр шугам барьж байгуулах боломжтой гэж үзжээ.

Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөөг хамруулсан хөндлөн чиглэлд Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх төслийн менежментийн зөвлөх үйлчилгээнд 37.2 сая ам.доллар, төслийн гүйцэтгэлд 1.3 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоолол хийжээ.

Ерөнхий төлөвлөлт

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд тустгагдсан Багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийн шугам 2020 оны байдлаар хүн амын өсөлтийн харьцааг харахад:

    1. Босоо тэнхлэг 1-р шугам: Буянт-Ухаа-Чингэлтиэй 7 буудал 27.6 км дагуух хүн амын тоо 566.476
    2. Хэвтээ тэнхлэг 1-р шугам: Толгойт-Амгалан 17.7 км дагуух хүн амын тоо 560.723
    3. Хэвтээ тэнхлэг 2-р шугам: Орбит-Шархад 20.6 км дагуух хүн амын тоо 518.053 тус тус байжээ.

Метро барих чиглэлээр хийсэн судалгаанууд

Улаанбаатарт метро барьж байгуулах ажлын суурь судалгаа 2005 оноос эхлэн, 2013 онд дууссан гэж үзэх үндэслэлтэй аж.

БНСУ-ын “Сусонг Инженеринг” болон “Сөүл метро” компаниудын түншлэл 2010 оны Сангийн сайдын 41 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2010 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн А174 дүгээр захирамжийн дагуу 15 сарын хугацаанд техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд 2011 оны зургадугаар сард эцсийн тайланг ирүүлсэн байна.

Олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллага “Алмек Ви Пи Ай” ХК, “Ориентал Консалтинс” ХК, “Марубени” ХК, “Жэй Жи Си” ХК зэрэг туслан гүйцэтгэгчийн оролцоотойгоор 19 сарын хугацаатай ажиллажээ. Улмаар 2011 оны есдүгээр сард техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж эхэлж, 2013 оны тавдугаар сард эцсийн тайланг ирүүлсэн байна.

Ашигласан суурь судалгааны хувьд, 2005 онд хийгдсэн Улаанбаатар хотын метро (5 маршрут)-ны барилгын урьдчилсан төлөвлөлт, урьдчилсан зураг төсөл, 2007 онд хийгдсэн Улаанбаатар метроны ерөнхий төлөвлөлт, урьдчилсан зураг төсөл, 2009 онд “Жайка” байгууллагаас хийсэн “Хотын ерөнхий төлөвлөгөө болон Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөний судалгаа”, 2010 онд Азийн хөгжлийн банкнаас хийсэн “Хотын хийтийн тээврийн хөгжлийн төслийн талаарх судалгаа зэрэг багтжээ.

БНСУ-ын “Сусонг Инженеринг” ХК-иас 2011 онд хийсэн ТЭЗҮ нь метро байгуулахад шаардлагатай хөрөнгийг бодитой төлөвлөх үндэслэл болох материал гэдгээрээ онцлог аж.

Уг ТЭЗҮ-ээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн эрэлт хэрэгцээг хангах, зорчигчдыг ая тухтай, аюул осолгүй, хурдан шуурхай тээвэрлэх, замын хөдлөгөөний түгжрэлийг багасгах, агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн нөлөө үзүүлэхүйц, хүрээлэн буй орчинд ээлтэй тээврийн шинэ төрөл болох метро байгуулах үндэслэл шаардлага болон хөндлөн, босоо тэнхлэгийн босоо тэнхлэгийн дагуух хувилбаруудыг боловсруулжээ.

Олон улсын “Жайка” байгууллагаас 2013 онд хийсэн ТЭЗҮ нь “Сусонг инженеринг”ХК-иас 2011 онд хийсэн ТЭЗҮ дээр үндэслэн, хотын зүүнээс баруун тийш чиглэсэн хөндлөн тэнхлэгийг судалгааны объект болгон, тээврийн төрлийн бусад хувилбартай харьцуулан төсөл хэрэгжүүлэх бүтэц, бүрэлдэхүүн буюу санхүү, эдийн засгийн үнэлгээ, санхүүжилт, хууль эрх зүйн тогтолцоо, төслийн бүтэц зохион байгуулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрүүд, Япон улсын хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ) болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, технологийг татан оролцуулах төрөл бүрийн нөхцөл, шаардлагыг тодорхойлсон байна.

Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ авах шаардлага

Засгийн газрын 2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 46 дугаар хуралдааны тэмдэглэл, Засгийн газрын 2023 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 411 дүгээр тогтоолын биелэлтийг хангах, төслийг шуурхай, үр дүнтэй зохион байгуулж эхлүүлэх зорилгоор түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр олон улсын тендер зохион байгуулж, туршлагатай гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нь зүйтэй гэж үзсэн.

Олон улсад өндөр өртөгтэй томоохон төслийг хэрэгжүүлэхдээ төслийн менежментийн зөвлөх баг авч ажиллуулдаг жишигтэй. Тухайлбал, Филиппин улсын Манила хотын “MRT” шугам барьж байгуулахад “Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ” авч ажиллуулжээ.

Улаанбаатарт урьд өмнө метро барьж байгуулсан туршлага байхгүй. Энэ чиглэлээр нарийн мэргэшсэн хүний нөөц дутагдалтай зэрэг эрсдэлийг харгалзан үзэж, олон улсын туршлагаар өмнө хийгдсэн судалгаа, техник эдийн засгийн үндэслэлийг харьцуулсны үндсэн дээр төслийг хугацаанд нь, үр ашигтай хэрэгжүүлэхийн тулд Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ авах шаардлага тулгарчээ.

Төслийн менежментийн зөвлөх нь захиалагчийг гүйцэтгэгч талтай гэрээ байгуулахаас өмнө болон гэрээ байгуулагдсаны дараах үе шатуудад төсөлтэй холбоо бүхий ажлуудыг техникийн шийдлийн хувьд хянан шалгах, удирдан чиглүүлэх чиг үүрэг гүйцэтгэх аж.

Түүнчлэн уг зөвлөх нь төсөлтэй холбоотой хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр бий болгох стратеги төлөвлөгөө боловсруулах үүрэг гүйцэтгэх тул олон улсын зөвлөх инженерүүдээс бүрдсэн зөвлөх баг байх шаардлагатай. Иймд PMC буюу Төслийн менежментийн зөвлөх багийг сонгон шалгаруулахын тулд тухайн зөвлөх багт тавигдах шаардлага, нөхцөл болох Employer Requirement буюу Ажлын даалгавар боловсруулахаар ажиллаж буй ажээ.

Улаанбаатарт метро барьж байгуулах төлөвлөгөө, зардлын тооцоолол цаасан дээр буусан нь энэ. Төр, засагтаа хууртсаар ирсэн иргэдийн итгэлийг дахин сэргээж, “өөрсөд” рүүгээ татах боломж сонгууль дөхсөн энэ үед хязгааргүй олон. Тиймээс нүдэнд харагдаж, гарт баригдах бүтээн байгуулалт хийчихвэл иргэд итгэхгүй гээд яах билээ. Иргэд итгэсэн цагт хотын дарга хилэгнэхгүй ч биз ээ…

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу