Засгийн газрын өнөөдөр (2024.02.28)-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

“АРИЛЖААНЫ БАНКУУДАД ХҮҮГИЙН ХУРИМТЛАЛ ҮҮСНЭ”

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Малчдын зээлийн эргэн төлөлт болон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг тус бүр нэг жилээр хойшлуулахаар боллоо. Үүнтэй холбоотойгоор арилжааны банкуудад хүүгийн хуримтлал үүснэ.

Тиймээс зээлийн хүүгийн зургаан хувийг нь малчид өөрсдөө, үлдсэн хувийг нь Засгийн газар хэрхэн шийдвэрлэх саналаа боловсруулж, тогтол гарган УИХ-аар шийдүүлэхээр боллоо.

Малчдын зээлийн хүү дунджаар 20.5 хувьтай, зээлийн хэмжээ нь 10 сая төгрөг байна. Малчдын зээлийн нийт хэмжээ 1.3 их наяд төгрөг, түүнд хуримтлагдах хүүгийн төлбөр нь 280 орчим тэрбум болно. Үүнээс малчид өөрсдөдөө оногдож байгаа хувь буюу зургаан хувийнхаа хүүг төлнө. Үлдэгдэл болох 220 орчим тэрбум төгрөгийн хүүгийн төлбөрийг Засгийн газар хариуцна” гэв.

“УРАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ ТӨСӨЛ ЗОГСООГҮЙ”

Францын “Орано” групптэй хийж буй хэлэлцээр гацсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөөд “Эрдэнэс Монгол” групп болон Франц улсын төрийн өмчит “Орано” групп хоёрын хооронд Ураны төслийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсгүүд гараад, хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр ажиллаж байна. Өмнө нь ч хэлсэн. Гэрээ зогсоогүй.

Хоёр тал харилцан ашигтай яриа хэлэлцээр хийх учиртай. Урт хугацаанд үргэлжлэх хөрөнгө оруулалтын энэхүү гэрээнд аль аль тал нь сэтгэл хангалуун байх ёстой.

Тэр дундаа Монголын ард түмэн энэхүү гэрээний талаар эерэг ойлголттой байснаар хийгдэх учиртай. Тиймээс уг гэрээний хэлэлцээр дээр хариуцлагатай ажиллаж байна. Цаг хугацааны хувьд хоцорч байгаа ч гэрээ зогсоогүйг албан ёсоор хэлье” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

           

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу