Узбекистан улсын нийслэл Ташкент хотод ирэх сарын 1-нээс 3-ны өрдүүдэд жүдо бөхийн “Их Дуулга” тэмцээн болох билээ.

Тус тэмцээнд албан ёсоор 69 орны 500 жүдоч (258 эрэгтэй, 242 эмэгтэй) өрсөлдөх нь тодорхой болжээ. Монгол Улсаас 15 жүдоч барилдахаар мэдүүлгээ өгсөн ч эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд өрсөлдөх, МУГТ Ц.Цогтбаатарын нэрийг татсан байна.

Жүдо бөхийн холбооноос энэ талаар мэдээлэхдээ “МУГТ Ц.Цогтбаатарын өнгөрсөн оны сүүлээр авсан бэртэл бүрэн эдгэрээгүй тул Ташкентын “Их Дуулга”-д барилдахгүй. Туркийн Антальяд энэ сарын сүүлээр болох “Их Дуулга”-д зодоглох төлөвлөгөөтэй байна” гэв.

Дашрамд дурдахад, Ташкентын тэмцээний дараа Австрид Гранпри тэмцээн хүлээж буй. Түүний дараа Гүржид Тбилисийн “Их Дуулга” тэмцээн болно.

Ташкентын “Их Дуулга” тэмцээнд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Э.Сумъябазар, 73 кг-ын жинд Б.Эрдэнэбаяр, 81 кг-ын жинд Г.Болор-Очир, 90 кг-ын  жинд Г.Алтанбагана нар тус тус зодоглох юм.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-ын жинд Л.Сосорбарам, 63 кг-ын жинд Б.Ганхайч, 70 кг-ын жинд Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам, -78 кг-ын жинд Б.Эрдэнэт-Од, О.Хүслэн, +78 кг-ын жинд А.Адьясүрэн нар тус тус хүч үзэх билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу