Ташкент хотын Эрүүгийн хэргийн шүүх хоёрдугаар сарын 26-нд “Док-1 Макс”, “Амбронол” гэх ханиадны сироп худалдан борлуулсан этгээдүүдэд холбогдох хэргийг хэлэлцсэн байна. Улмаар нас барсан болон хордсон хүүхдүүдийн төрөл төрөгсдөд нөхөн олговор олгох шийдвэр гаргасан талаар “Gazeta.uz”-ийн сурвалжлагч мэдээлжээ.

Тус хэвлэлд мэдээлснээр, Узбекистан улсын шүүх 68 хүүхдийн аминд хүрсэн ханиадны сиропны худалдаанд оролцсон 23 хүнд хорих ял оноосон байна. Тодруулбал, үхлийн аюултай сиропыг худалдахдаа татвараас зайлсхийсэн, стандартын шаардлага хангаагүй эм, эмийн бүтээгдэхүүн худалдан борлуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан, залилан хийсэн, авлига авсан зэрэг хэргээр дээрх 23 этгээдэд 2-20 жилийн хорих ял оногдуулжээ.

“Quramax Medikal” компанийн захирал асан, Энэтхэгийн иргэн Сингх Рагвендра Праттар, “Курамакс” компанийн бүртгэлийн менежер Нурия Мирзаахмедова, Эмийн үйлдвэрийг хөгжүүлэх агентлаг, Эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн шинжээч, стандартчиллын улсын төвийн захирал асан Сардор Кариев, түүний орлогч Амирхон Азимов,

Нодирбек Мусаев, тус төвийн бүртгэлийн хэлтсийн орлогч дарга Шоюсуф Шодманов, тус газрын ахлах мэргэжилтэн Жахонгир Эркини нар нийт 75.6 тэрбум сум буюу 75 тэрбум 600 сая төгрөгийг хордлогын улмаас амь насаа алдсан хүүхдүүдийн ар гэрийнхэнд төлөх юм байна.

Дээрх этгээдүүдэд холбогдох хэргийг шүүн таслах шүүх хурал сүүлийн зургаан сарын турш үргэлжилжээ. Өнгөрсөн хугацаанд Ташкентын шүүхээс тус ханиадны сиропод 65 хүүхэд хордож, амиа алдсан гэсэн дүгнэлт гаргасан байна.

Мөрдөн шалгалтаар өнгөрсөн сард дахин гурван хүүхэд амиа алдсаныг олж тогтоожээ. Стандартын шаардлага хангаагүй сиропыг Энэтхэг улсын “Марион Тек” гэх компани үйлдвэрлэснийг Узбекистан улсын “Курамакс Медикал” гэх эмийн компани оруулж ирсэн байна.

“Курамакс Медикал” компанийн гүйцэтгэх захирал Синх Рахвендра Пратар гэгч хамгийн олон буюу 20 жилийн хорих ял сонсжээ. Уг сиропыг худалдаанд гаргах лицензийг олгосон төрийн албан тушаалтанд мөн олон жилийн хорих ял оноосон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосноор, “Марион Биотек” компанийн үйлдвэрлэсэн “Амбронол”, “Док-1 Макс” гэх, ханиадны сироп дахь бохирдуулагч бодис хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их байсан аж.

Улмаар Энэтхэгийн Эрүүл мэндийн яам тус эмийг үйлдвэрлэхийг хориглож, “Марион Тек”-ийн лицензийг хураажээ. Стандартын шаардлага хангаагүй сиропод хордож амиа алдсан 38 хүүхдийн ар гэрийнхэнд тус бүр 80 мянган ам.долларын нөхөн олговор олгохоор шүүхээс шийдвэрлэжээ.

Мөн сиропонд хордож, амь насаа алдаагүй ч эрүүл мэндээрээ хохирч саажсан дөрвөн хүүхдийн ар гэрт энэ нөхөн олговор олгох шийдвэр гарсан байна.

Эх сурвалж: GAZETA.UZ
Д.ТУЯА 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу