Германы прокурорын байгууллагаас өнгөрсөн Даваа гараг (2024.02.26)-т олон жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан, “Улаан армийн фракц” гэгддэг, капитализмын эсрэг, “Бааден-Майнхоф” хэмээх бүлэглэлийн гол гурван гишүүний нэг, өдгөө 65 настай Даниэла Клетте гэх эмэгтэйг Берлин хотоос баривчилжээ.

Тус радикал бүлэглэл 1970-аас 1980-аад онд Германд хэд хэдэн удаа бөмбөг дэлбэлж, аллага үйлдэж, хүмүүсийг барьцаалсан хэрэг үйлдэж байсан аж. “Улаан арми фракц” 1998 онд тарсны дараа Даниэла болон Эрнст-Волкер Штауб, Бурхард Гарвег нар дээрэм тонуулаар амьдарч байжээ.

Түүнийг 1999-2016 онуудад үйлдсэн олон тооны дээрэм болон хүний аминд халдахыг завдсан хэрэгт холбогдуулан шалгах аж. Даниэла Европолын эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтад “онц аюултай” гэсэн ангиллаар орсон цорын ганц эмэгтэй байжээ.

Цагдаа нар Берлиний Кройцберг дүүрэг дэх орон сууцнаас Даниэлаг баривчлахад эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд гэрээс нь хоёр гар бууны сумтай дайз олдсон байна. “Улаан армийн фракц бүлэг 1960-аад оны оюутнуудын хөдөлгөөний үеэр байгуулагдсан бөгөөд 1977 онд Германы томоохон банкны захирлыг буудан хороож, аж үйлдвэрийн эзэн Ханнс Мартин Шлайерыг хулгайлж, амийг нь хөнөөж байжээ.

Даниэла болон түүний хоёр хамтрагч 2016 онд Бремен хотод банкны мөнгө тээвэрлэж явсан автомашинд халдаж байсан аж. “АK-47” автомат буу, гранат харвагчаар зэвсэглэсэн тэд нэг сая евро тээвэрлэж явсан, хуяглагдсан автомашинд халдсан ч хамгаалагчид дотроос нь түгжсэн тул мөнгийг авч чадалгүй зугтсан аж.

Германы хууль хүчнийхэн 69 настай Штауб, 55 настай Гарвег нарыг үргэлжлүүлэн эрэн сурвалжилж буй юм байна.

Эх сурвалж: CNN, AFP
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу