Хаврын улирал эхэлж буйтай холбогдуулан ханиад томууны дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, антибиотик хэрэглэхгүйгээр хэрхэн дархлаагаа дэмжиж болох талаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны “Манай эмч” Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Болормаатай ярилцлаа.
аниад томууны дэгдэлт, ачаалал танай өрхийн хэмжээнд хэр байна вэ? 
-Энэ жилийн тухайд ханиадтай холбогдуулан дандаа уртасгасан цагаар ажиллаж байна. Ялангуяа ажлын өдрүүдэд орой 08:00 цагаас хойш, амралтын өдрүүдэд бүтэн сайн өдрийн  10:00-15:00 цаг хүртэл ажиллаж байна. Одоогоор ханиад хүүхэд, том хүн гэлтгүй нэлээд багасаж байна. Гэхдээ хүмүүсийнхээ биеэс шалтгаалж байна. Зарим хүмүүс өрхийн эмнэлэгтээ хандаад, маш амархан эдгэж байна. Тийм учраас бид гуравдугаар сарын 1-нээс уртасгасан цагаар ажиллахыг Сүхбаатар дүүргийнхээ хэмжээнд зогсоож байна. Гэхдээ энэ ханиад дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилдэг. Ялангуяа 0-5 насны хүүхдүүдийн ханиад маш амархан хүндэрдэг учраас ханиад хүрвэл тухайн хугацаанд Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, эмчдээ үзүүлж, зөвлөгөө авч байгаарай. 
-Ямар төрлийн ханиад зонхилж, хүндрэх шалтгаан нь юунд байна вэ?
-Одоогоор вирусийн гаралтай ханиад зонхилж байна. Хүмүүс ханиад хүрсэн даруйдаа эмчдээ хандахгүй дур мэдэж эмийн сангаас эм авч уугаад байна. Эм зүйч нар тухайн эмийг яаж уух вэ гэдгийг л тайлбарлаж өгөх ёстой шүү дээ. Харин бид тухайн хүүхэд, том хүнээ үзээд, тухайн ханиаданд нь таарсан эм тариагаа бичиж өгнө. Тийм учраас эмийн санд дур мэдэж эмийн жоргүйгээр эм тариа хэрэглээд, хүндэрсэн хойно нь ирж байна. Ингэснээр хүүхдүүд хатгалгаа авч, хоёр дахь шатандаа орж, хэвтэн эмчлүүлж байна. Дур мэдэж эм тариа огт хэрэглэж болохгүй. Харьяа дүүргийнхээ анхан шатны өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлээд зөвлөгөө авч эмчлүүлж байх хэрэгтэй. 
-Ханиад хүндэрсэн тохиолдолд түлхүү ямар шинж тэмдэг илэрч байна вэ?
-Эцэг эхчүүд биднээс илүү мэдээлэлтэй болсон шүү дээ. Ханиад хүрээд, хүндэрсэн хүүхдийн амьсгал олшрох, өндөр халуурах, хоолонд дургүй болох, бөөлжих, татах гэх мэт шинж тэмдэг түлхүү илэрдэг. Өрхийн эмч нар энэхүү аюултай шинж тэмдгийг эцэг, эхэд нь заагаад өгчихсөн байдаг юм. Зарим нь ягаан дэвтэрт нь хүртэл бичээд өгчихсөн байдаг шүү дээ. Ирээд үзүүлэнгүүт бид хүүхдээ хараад эмчилгээ, эм тариаг нь бичээд, тэдэн хоногийн дараа ирж үзүүлээрэй гээд явуулдаг. Хэрэв эдгээр аюултай шинж тэмдэг илэрвэл дахин эмчдээ хандаарай гээд хэлж өгөөд явуулдаг.  
-Хоолой өвчилснөөс үүдээд ханиад хүрэх тохиолдол их байдаг шүү дээ. Хэрэв олон дахин хоолой өвдвөл ямар эмчилгээ хийлгэх хэрэгтэй вэ?
-Хоолой вирусийн гаралтай ханиад, хэрх өвчнөөс үүсгэгдсэн байж ч болно. Маш их идээтэй байх зэргээс үүдэн, буглаа үүсэж байгаа шүү дээ. Үүнийгээ хагалуулжн хүндрэлтэй болж байгаа тохиолдол зөндөө байна. Мөн вирусийн гаралтай улайх үрэвсэл байна. Тухайн үед үзлэг хийж буй эмч вирусийн эсрэг эм өгөх үү, вирусийн гаралтай ханиад уу, бактерийн гаралтай ханиад уу гэдгийг тодорхойлоод, антибиотикоо сонгож өгдөг. Олон дахин хоолой өвдвөл нарийн мэргэжлийн чих, хамар, хоолойн эмчид үзүүлээд, тухайн эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй. 
-Танай дүүргээс энэ тал дээр хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-Манай Сүхбаатар дүүргийн хэмжээнд 6-17 насны хүүхдүүдээс хэрх өвчний эсрэг хоолой залгиурын арчдасын шинжилгээнд хамруулаад, дүүргийн хэмжээнд дуусаж байна. Энэ нь хоолойн өвчин үе мөчиндөө орохыг хэлж байгаа юм. 
Шинжилгээнд хамрагдсан 885 хүүхдээс 85 хүүхэд эерэг буюу хэрх өвчинтэй гарсан. Тухайн хүүхдүүдийг яах вэ гэхээр дараагийн шатны эмнэлэг рүү зүрхний бичлэгийг нь хийж өгөөд явуулна. Тэнд очоод шинжилгээгээ өгнө. Өөрчлөлт гарвал гуравдугаар шатны эмнэлэг болох “Эх нялхсын эрүүл мэндийн төв”-ийн хүүхдийн эмчид үзүүлээд, цаашдаа пенициллин жигээ хийлгэх юм уу, хяналтад байх ёстой юу гэдэг зөвлөгөө аваад, буцаж өрхийн эмнэлгээрээ эмчилгээгээ хийлгээд явна. 
Энэ шинжилгээ маш их хэрэгтэй хариу нь 10 минутын дотор л гардаг. Ойр ойрхон ханиад хүрдэг, гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй хүүхдүүдэд маш их хэрэгтэй. Тиймээс эцэг, эх нь эсэргүүцэж болохгүй. Заавал хамруулах нь зүйтэй.
-Хаврын улиралд эм тариа хэрэглэхгүйгээр дархлаагаа хэрхэн дэмжих хэрэгтэй вэ?
-Арванхоёрдугаар сарын дэгдэлтийг бодвол одоогоор ханиад багассан байна. Гэхдээ хавар болж байгаа учраас ялангуяа архаг хууч өвчтэй ахмад настнууд Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө зөвлөгөө авах, хоол цайгаа сайн идэж уух, сэтгэл санаагаа тайван байлгаж, амрах зэрэг эрүүл аргаар дархлаагаа дэмжих хэрэгтэй. Зөвхөн эм тариа дархлаа дэмжихгүй шүү дээ. 
-Хүний биед ямар нэгэн эрдэс дутагдахаар бие махбод амархан өвчилдөг. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Хүн эрдсийн шинжилгээг жилд нэг удаа өгөх хэрэгтэй. Үүнийг хүмүүс мэдэх байх. Тухайлбал, кали, натри, D витамин, төмөр, фосфор гэх мэт эрдсүүд бий. Энэ шинжилгээг олон газар авдаг. Тиймээс эрдсийн шинжилгээгээ өгөөд, дутагдсан эрдсүүдээ нөхөх боломжтой. Хоол тэжээл болон нэмэлтээр эмээр авч болно.
Хавар хууч өвчин сэдэрдэг, дархлаа сулардаг, харшилтай хүмүүсийн харшил сэдэрдэг. Тийм учраас сэдрээгүй байгаа дээр нь арьс судлалын эмнэлэгтээ үзүүлээд, D, C витаминаа эмчийнхээ заалтаар уух хэрэгтэй. Хүмүүс эм тариаг дур мэдэн хэрэглэдэг. Хоолноос өмнө үү, дараа юу гэдгийг сайтар мэдэх хэрэгтэй. Жишээлбэл, C витаминыг өглөө хэрэглэж болохгүй. Учир нь ходоодны шарх, нойр булчирхайн үрэвсэл үүсгэнэ. Тиймээс эмчийнхээ заавар, зөвлөгөөний дагуу хэрэглэх хэрэгтэй. 
Аливаа эд эрхтэн бүтцийн өөрчлөлттэй болчихвол эдгээхэд хэцүү шүү дээ. Харин шинжилгээ өгөөд, үйл ажиллагааны өөрчлөлттэй гарвал эдгээхэд харьцангуй амар. Тийм учраас дур мэдэн эм тариа хэрэглэхгүй байхыг зөвлөе.  
-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Н.УЯНГА 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу