ЖАЙКА-гийн төслийн багийн ахлагч, доктор профессор Нагаяма Кацүхидэ “Чухал зуун сэдэв” нэтрүүлэгт оролцон, метроны төслийн талаар өөрийн үзэл бодлоо хуваалцлаа.

Тэрбээр нэвтрүүлгийн үеэр “Түгжрэлийн асуудлаас болоод иргэд эдийн засгийн алдагдал ихтэй байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд дэд бүтцийн системийг сайжруулах хэрэгтэй. Их багтаамжтай нийтийн тээвэр гэдэг нь Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжилд маш үр нөлөөтэй” гэж онцолж байв.

“ЖАЙКА-гийн төслийн багийнхан тухайн үед тээврийн хэрэгслийн янз бүрийн таамаглалуудыг ашиглаж, 2030 онд яг энэ байдлаараа юу ч хийхгүй байх юм бол авто замын түгжрэл хоёр дахин ихсэж, ямар ч хөдлөх боломжгүй болтлоо ачааллаа дийлэхгүй болох юм байна гэсэн таамаглал гаргасан.

Тэр таамаглалынхаа дагуу хүмүүсийн зорчилт, хөдөлгөөнийг ая тухтай байлгах үүднээс төв тэнхлэг зам дээрээ их багтаамжтай нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр түгжрэлийн асуудлыг шийдэх боломжтой юм байна гэж харсан.  

Миний бие “Жайка”-гийн төслийн хүрээнд 2007-2008 онд Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх, 2030 он хүртэлх Улаанбаатар хотын хөгжлийн зураглалыг боловсруулах судалгаан дээр ажилласан. Тэр үед Улаанбаатар хотын хүмүүсийн эрч хүч, оюуны чадамжийг хараад маш их сэтгэгдэл төрж, Улаанбаатар хотыг олон улсын түвшний метрополитан хот болгох боломжтой гэж харсан. Тэр утгаараа санхүү, эдийн засгийн эргэлтийн төв болсон энэ хотын дэд бүтцийг сайтар хөгжүүлэх шаардлагатай юм байна гэж төлөвлөлтдөө оруулж байсан.

Дараа нь энэ метро байгуулах төслийг бид анх санаачилж, ерөнхий төлөвлөгөөнд тусгасан. Таны зүгээс яг одоо метро хэрэгтэй юу, үгүй юу гэж асуусан. Тэгэхээр бидний нөгөө төлөвлөгөө боловсруулж байх 2007 оноос л “Улаанбаатар хотод метро барих арай эрт байна, хэрэггүй ээ, тийм өндөр зардалтай төсөл хэрэггүй” гэж ярьж байсан. Тийм хүмүүс одоо ч гэсэн байгаа байх.

Улаанбаатар хотын хүмүүсийн амьдралыг эдийн засгийнх нь үйл ажиллагаанаас харахад түгжрэлийн асуудлаас болоод эдийн засгийн алдагдал ихтэй байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд дэд бүтцийн системийг сайжруулах хэрэгтэй байгаа. Их багтаамжтай нийтийн тээвэр гэдэг нь Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжилд маш үр нөлөөтэй гэж миний зүгээс харж байна.

Метроны төсөл нь өртөг өндөртэй, маш том хөрөнгө оруулалт шаардагдах тул нийгэм эдийн засгийн хувьд үр ашигтай байх төлөвлөгөөг боловсруулсан. Эдийн засгийн үр өгөөж өгч байж метро цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Метроны буудлын ойр орчимд тээвэрт суурилсан хөгжил гэдэг утгаараа маш том хөрөнгө оруулалтын боломж байна.

Метроны буудлаа дагасан газрын үнэ нэмэгдэнэ. Мөн тэндээс орж ирэх татварын хэмжээ ч нэмэгдэнэ. Тэр утгаараа 10 тэрбум ам.долларыг зөвхөн метроны буудлын хөрөнгө оруулалтаас олох боломжтой гэж тооцсон. Түүнээс гадна газар дор 6.6 км байхаар төлөвлөсөн. Тэгэхээр газар доорх метрогоо дагаад, газар доорх хот байгуулалт болон хөгжинө гэсэн үг.

Газар дор олон үйлдвэр, үйлчилгээний байгууламж орсноор газрын үнэ өсөх боломжтой гэсэн үг. Тухайн цаг үед Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн үйл ажиллагааг нь харахад зүүнээс баруун буюу Энхтайваны өргөн чөлөө дагуу бүх эдийн засгийн үйл ажиллагаа явж байгаа нь харагдсан. Яваандаа босоо тэнхлэг болох Яармагийн зүгт хотын хөгжил тэлэх таамаг байсан.

Бидний хувьд юун түрүүнд зүүнээс баруун тийш чиглэсэн хэвтээ тэнхлэгийг гол тулгуур тэнхлэг гэж үзээд, үүндээ их багтаамжтай нийтийн тээврийг оруулъя. Түүний дараа туслах огтлолцолд бусад тээврийн хэрэгслийн сүлжээг боловсруулаад, төлөвлөх шаардлагатай байна гэж үзсэн.

Бидний 10 жилийн өмнө хийсэн судалгаан дээр тулгуурлавал энэ төслийн өртөг 1.5 тэрбум доллар болж байсан. Энэ төсөл эдийн засгийн үр ашигтай ажиллах уу, үгүй юу гэдэг тооцоог хийхэд 25 хувь гэж гарч байсан. Дэд бүтцийн төслүүдийг 12 хувиас дээш ашигтай байвал үр ашигтай ажиллах юм байна гэдэг тооцоо байдаг. Үүнээс гадна тухайн үед бид иргэдээс санал аваад тасалбарын үнийг хэдэн төгрөг байхаар судалсан.

Тухайн үед 600-1000 төгрөг байхад иргэд метронд суух боломжтой гэж хариулж байсан. Тасалбарын дундаж үнийг 600 төгрөгөөр тооцоод үзэхэд нэлээн үр ашигтай ажиллах тооцоо гарсан юм. Гэхдээ энэ бол 10 жилийн өмнөх тооцоо Өнөөдөр иргэд 1000 төгрөгөөр зорчвол үр ашигтай ажиллахаар харагдаж байна.

Бидний зүгээс зөвлөгөө өгөх боломжтой. Цаашид хамтран ажиллаж ч болно. Нэг зүйлийг нэмж хэлэхэд Лондон хотын метро 150 жилийн өмнө байгуулагдсан. Токиогийн метро 100 жилийн өмнө байгуулагдсан. Тэгэхээр Улаанбаатар хот 100 жил оршин тогтноё гэвэл яах аргагүй метро байгуулах шаардлагатай” гэж хэлэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу