НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг болж, Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг баталсан байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгаа, үнэлгээг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусгахаар болсон. Энэ хүрээнд метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр 2024 оны төсөвт тодотгол хийсэн билээ.

Нийслэлийн 2024 оны төсвийг тодотгохдоо нийт орлогыг 1,122,582,443.2 төгрөг байхаар батлав. Үүнээс татварын орлого 873,119,158.3 төгрөг, татварын бус орлого 230,365,833.7 төгрөг байна. Түүнчлэн нийслэлийн хөрөнгийн зардлын дээд хэмжээг 1,641,110,048.9 төгрөг байхаар баталсан бол үүний 1,397,488,647.6 төгрөг нь хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ байх аж.

Баталсан төсөвт орж буй өөрчлөлтийн хувьд Нийслэлийн 2023 оны төсвийн орлогын давалт 276,623,000.0 төгрөг, мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 21,400,000.0 төгрөг, нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн дансны үлдэгдэл 4,218,855.0 төгрөгийг нийслэлийн 2024 оны төсвийн жилд нэмж зарцуулахаар болсон байна.

Ийнхүү НИТХ дахь намын бүлгүүд болон хороодын саналыг тусган, Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг баталжээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу