Засгийн газраас нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс эхлэн худалдаанд гаргах  шийдвэр гаргажээ. Мөн Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулахаар болжээ.

Өнөөдрийн байдлаар нөөцийн махны үнийн мэдээлэл гараагүй байгаа аж. Өнгөрсөн онд 7000 гаруй тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд үхрийн ястай мах 10700, хонины ястай мах 8600, ямааны ястай мах 6400 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байв.

Засгийн газар өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын эхээр хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн мах бэлтгэхтэй холбогдуулан стандартын шаардлага хангасан мал болон махыг малчдаас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах асуудлыг хэлэлцсэн.

Улмаар нөөцийн мах бэлтгэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломжийг судалж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасан.

Мөн нөөцийн махны бэлтгэн нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст анхааруулсан билээ.

Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 8000 тн мах бэлтгэж нөөцлөхөөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба хамтран ажиллажээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу