“Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) 2024 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр хуралдаж, компанийн гүйцэтгэх захирал Д.Артагийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Борлуулалт, маркетинг тээврийн газрын захирал Ч.Гүнждагвыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Тус компани 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 4996 (дөрвөн мянга есөн зуун ерэн зургаа) төгрөгөөр тооцож, ногдол ашиг хуваарилах бөгөөд 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоо зарласан билээ.

Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс санаачлан “Малчдад туслах аян” өрнүүлэх уриалга гаргаж, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад зориулан НЭГ ТЭРБУМ төгрөг хандивлахаар шийдвэрлэжээ.

Мөн тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд хүчтэй цасан шуурганы улмаас ДЗ-УБ чиглэлийн замын 52-69 км дэх хунгарласан цасыг зайлуулах ажилд техник, хүн хүчийг дайчлан оролцсон байна.

Үүссэн нөхцөл байдлын улмаас аймаг орон нутгаас авч хэрэгжүүлж буй ажилд дэмжлэг үзүүлж, 1 ковш, 2 оператор, ХАБ-ын нэг ажилтанг томилон ажиллуулж, нийт иргэд, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс сэргийлэх ажилд хамтран ажиллажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу