Канад улсын Торонто хотноо 2024 оны гуравдугаар сарын 3-наас 6-ны хооронд Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт #PDAC2024 арга хэмжээ зохион байгуулагдана.

Монгол Улсын уул уурхайн салбарыг сурталчлах, хөрөнгө оруулалт татах зорилгоор салбар яам, агентлаг, төрийн бус байгууллага, тбөсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл тус олон улсын чуулганыг зорив.

Чуулганаар төлөөлөгчид MONGOLIA_DAY-“Монголын өдөр” хөрөнгө оруулагчдын форумыг бие даан зохион байгуулж, Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг сурталчилсан үзэсгэлэнгийн талбай ажиллуулж, салбар хуралдаануудад салбарын бодлогын талаар илтгэл танилцуулж, олон улсын эрдэс баялгийн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцох юм байна.

Үүний үр дүнд салбарын томоохон хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоож, сайн туршлагыг судлах, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааны шинэ гарц нээх боломжуудыг эрэлхийлэхээр төлөвлөжээ.

Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос зохион байгуулдаг Уул уурхайн хөрөнгө оруулагчдын олон улсын энэхүү чуулган PDAC (Prospectors and Developers Association of Canada)-ыг 92 дахь жилдээ зохион байгуулж буй юм.

“PDAC-2024” арга хэмжээний үеэр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад ашигт малтмалын хайгуулын тогтвортой туршлагыг хэрэгжүүлэх талаар хэлэлцэх бөгөөд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, тооцоолох орчин үеийн дэвшилтэт технологийг сурталчлах, энэ чиглэлд хөгжих боломжийн талаар хэлэлцүүлэг болно. Нэгдүгээр сарын 28-нд болсон Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах дэлхийн өдрөөс хойш олон арга хэмжээ зохион байгуулж иржээ.

Дашрамд дурдахад, “PDAC 2023” чуулганд 24 мянга орчим төлөөлөгч, 133 улс, 1050 байгууллага, ААН-ийн үзэсгэлэн, 487 хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцсон байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу