Монгол Улсад өдгөө 100-гаас дээш настай 130 гаруй өндөр настан эрүүл саруул аж төрж буй. Тэдний хамгийн ахмад болох Ишдоригийн Бадамгарав 107 насыг зооглож, Дархан-Уул аймагт ач, зээ нарынхаа хамт энх тунх аж төрж байна.

Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны Балжиннямтай билигт сайн өдөр (2024.02.24) манай сурвалжлах баг Дархан-Уул аймгийг зорьсон юм. “Хаврын сар гаруут ижий минь намайг хүлээнэ” хэмээн нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн агсан шүлэглэсэн нь бий.

Хотын их дуу чимээнээс сугаран, хойд зүгт давхиулахад тогтуун дулаанаас гадна, үзэмжтэй цэлмэг байлаа. Монгол Улсын хамгийн өндөр настанд очиж золгоно гэдэг ямархан аз билээ хэмээн дотроо бодно. Тиймдээ ч өөрийн эмээдээ очиж буй мэт догдолсоор явлаа.

Өдрийн 14.00 цаг. Таван давхар цэнхэр орон сууцны … дугаар тоот орцыг заалган явсаар орвол өндөр настан И.Бадамгарав, түүний бэр Б.Алимаа нар бидний угтлаа. Бэр нь 60 гаруй настай, 42 жил ээжийгээ асран, хамт амьдарч байгаа аж.

Цэвэрхэн тохилог орон сууцны нэг өрөөнд хуучны эрээн бүтээлэгтэй, нар туссан буйдан дээр И.Бадамгарав гуай биднийг хүлээн сууж байлаа. Хөөргөний уутаа имэрч, цомцойтол суух эмээгийн тохойг түшин золгоод, хэсэгхэн ярилцахаар дэргэд нь суулаа.

И.Бадамгарав гуай Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул бөгөөд нутгаасаа гараад олон жил болжээ. Зуу гаруй насалсан ч амьсгаа уужуу, хараа тунгалаг, ухаан санаа нь эрүүлээр барахгүй “Ойр зуурын юм оёхоо болиод 4-5 жил л болж байна” хэмээн ярина. 

Бид өрөм хөвүүлсэн сүүтэй цай, идээ шүүсээр дайлуулаад, ярилцлагаа эхлүүллээ. 

-Сайхан хаваржиж байна уу, та. Бие тэнхээ данги уу?

-Сайхаан, хүү минь. Сайхан шинэлсэн үү?

-Сайхаан. Та аль нутгийн хүн бэ, залуудаа ямар ажил эрхэлдэг байв?

-Би Завхан аймгийн Тэлмэн сумын хүн шүү дээ. Залуудаа мал малладаг байлаа даа. Малаасаа хөндийрөөгүй. Дарханд ирээд ч мал малласаар л байсан. Одоо харин хөндийрсөн.

Үргэлжлүүлэн түүнээс “Хэдэн хүүхэдтэй, үр хүүхэд хэдүүлээ болсон” тухай асуувал “Өө, мэдэхгүй. Хэд билээ” гээд хөнгөн инээж, бэрээ “Хэлээрэй” гэнэ. Нас дээр гарч, одоо мартаж санаад, зарим зүйлээ хольж солиод байдаг болж хэмээн бэр Б.Алимаа нь ярина. И.Бадамгарав гуай дөрвөн охин, нэг хүүтэй.

Өдгөө үр хүүхдүүд нь ч мөн өндөр настай болж ач, зээгээ тойруулан өнөр өтгөн болжээ. Ийнхүү зуу гаруй ач, зээтэй болж, таван үеэ үзэн, талбиун сайхан насалж буй ажээ.

-Таны бие тэнхээ хэр байна вэ?

-Өө дажгүй, хүү минь. Сүүлийн хэдэн жил л жаахан ядраад байдаг боллоо. Дордоод байгаа юм байлгүй. Ядрах нь амархан болж дээ. Бусдаар бол барагтай ядардаггүй л байлаа, залуудаа. Одоо ч нас дараад тэр биз дээ. Ойр зуурын тараг, ээзгий, ааруул гэртээ хийгээд суудаг байсан юм. Ойрд ядраад болохгүй юм даа.

-Та аав, ээжийнхээ тухай ярихгүй юу?

-Эмээ нь нагац ахаараа овоглодог юм. Нагац ах маань лам хүн байлаа. Хэлмэгдүүлэлтийн үед баригдаад явж байсан. Бариад л явчихдаг байсан үе. Одоо ч ярих гэхээр сайн санахгүй юм (Тэрбээр хөөрөгнийхөө уутыг имрэн, тонгойн суулаа).

Хоёр нагац нь том лам хүмүүс байжээ. И.Бадамгарав гуайн аавыг хэлмэгдүүлэлтийн үед авч явсны дараа нагац ахаараа овоглон үлдсэн ч удалгүй ахыг нь мөн авч явсан байна. Түүнээс хойш үе удмаараа мал маллан, эрүүл саруул аж төрсөөр өдий хүрчээ.

“Их сайхан насалж байна аа, та” гээд үргэлжлүүлэн ярьж дуусаагүй байтал “Та нарын буян байлгүй дээ, хүү минь. Би мал л маллаж явсан хүн. Тэмээнээс бусад хошуу малыг маллалаа, үр хүүхдээ чадахаараа өсгөлөө. Энэ бүхний буян юм болов уу. Малын буян, хүүхдийн буян гэж бий шүү дээ. Хүний өөрийн олон хүүхэд бүгдээрээ л надад буянаа өгсөн байх. Сайхан өндөр насаллаа. Өнөөдөр ингээд л сууж байна. Яах вэ дээ, хүү минь” гэлээ.

Үнэхээр монгол малч ухаан, хариг борог амьдрал л хүнд урт удаан, аз жаргалтай замыг засаж өгдөг биз ээ.

-Залуудаа та дээл хувцас оёдог байсан уу. Настай хүмүүс их уран байдаг шүү дээ.

-Тэгэлгүй яах вэ. Дээл, гутал, малгай, хантааз юм юм л оёдог байлаа. Оёж болох бүхнийг оёсон байх даа. Одоо хараа муудаад, юм үзэхгүй болчихоод байна. Монгол гутал, сөөхий гутал гээд л өөрөө оёод, хүүхдүүддээ өмсгөчихдөг байлаа.

-Таныг бас их сайхан дуулдаг байсан тухай сонссон. Дуунд дуртай болсон түүхээ хуваалцаж болох уу.

Залуу даа хонины захад их дулдаг байлаа. Тэлмэн нутаг их сайхан өвс ногоо тэгширсэн, дэлгэр нутаг байлаа. Гоё сайхан нь ч одоо юу байхав, орилж хашхирч л явсан байлгүй дээ \инээв\. 

“Хүрэн тоглойн сүүдэр нь 

Хөндийгөө дагаад хүүшилнэ” 

107 насалсан гэж хэлэхээргүй уужуухан нэгэн бадаг дуулаад “за болов уу” хэмээн наргина.

Эмээ залуудаа уртын дууг ёстой л голын ус цалгитал дуулдаг нэгэн байсан ажээ. Мөн залуудаа ердийн уналгад байнга л морь унадаг байсан тухайгаа ярилаа. “Одоо бодоход их морь унадаг байж. Хэнийг ч дагуулахгүй морь унадаг байж. Яаж тийм догшин, авиртай гэсэн амьтдыг нь олж сургаад унадаг байсан юм бүү мэд. Ямар ч байсан дориун ширүүн гэснийг нь л уначихдаг байсан. Одоо ч морь унадаг малчин гэж бараг байхгүй юм шив дээ. Машин, мотоцикл л унадаг сурагтай. Би бол даага, шүдлэн бүгдийг нь барьж сургаад уначихдаг байлаа” хэмээлээ.

Үнэхээр адуу малтай ноцолдож, айраг цагаагаар хооллосон монгол хүн хамгийн эрүүлээр аж төрдөг. “Өнөөдрийг хүртэл цагаан идээгээ хэрэглэсээр л байна. Буруудах юм гэж байхгүй шүү дээ. Эрүүл саруул, чийрэг болгодог шидтэй хүнс” гээд биднийг хоол, цайгаар дайллаа. Өнгөрсөн хавар хийж хадгалсан баялаг, ааруул тэргүүтнээр идээ засжээ.

И.Бадамгарав гуай ямар нэгэн юм санах гэж хичээх мэт хэсэг дуугүй сууснаа

“Хадат ухаагийн оройгоор

Хайлаас юундаа ургаа вэ

Хайртай амраг чамтайгаа

Хаврын сардаа уулзана даа” хэмээн дууллаа.

Эхний дуулсанаа бодвол энэ удаад амьсгаа нь жаахан өндөрсжээ. Хуучны жаал дурсамж ярьсан болохоор сэтгэл нь багахан хөөрсөн ч байж болох юм даа. Дуулж дуусаад, хүүхэд шиг инээж, “За за ингээд боллоо” гэнэ. Өндөр нас зооглон суухад санахыг хүсээд ч орж ирэхгүй нандин дурсамж олонтаа эргэлддэг биз ээ.

-Таны үед цэргийн алба зургаан жил байсан. Эр нөхрөө хүлээсэн жилүүдийн тухай ярьж болох уу?

Зургаан жил бол их л урт байсан. Залуу насанд яах вэ дээ, туулаад л гарсан юм хойно. Мал хуйгаа хариулж, үр хүүхдээ өсгөөд л, хүлээж байдаг байлаа. Зүгээр сууж чаддаггүй шахам байлаа. Дээл хувцас оёж шидээд, гутал ч хийгээд, завгүй л явсан. Сүүн заводод сүү нийлүүлдэг байлаа. Аварга саальчин ч болсон бил үү дээ. Одоо мартчихаж. Зорьсон юмтай байхад туулаад л гардаг юм даа.

-Тэгэлгүй яах вэ. Та ядарч байгаа байх. Олон зүйл асуухаа азная даа. Хүүдээ захих зүйл байна уу?

-Захих юм юу байх вэ дээ, хүү минь. Хөгшин настай хүн хаа газарт таарвал эргэж тойрч байгаарай. Буян гэж байдаг юм шүү дээ. Ажил төрлөө сайн хийж, сайхан яваарай гэж ерөөе. Сайхан ажил хийж яваа улс юм. 

Бид ийнхүү ярилцаад, эрүүл энхийг хүсэж, ирэх жил эргэж уулзахын ерөөл тавиад гарсан юм. Бэр Б.Алимаа нь бидний аяны богцод нутгийн ааруул гээд уут цагаан идээ хийж өглөө. Ээж, бид хоёр заримдаа зүгээр суухаар гээд ааруул, ээзгий хийдэг юм хэмээн ярина. 

Цаг хугацааны уртад ээжийнхээ дэргэд аж төрсөөр, хамт өтөлнө гэдэг хэчнээн сайхан билээ. Хаврын салхи зэвэргэн үлээх үдшийн наран дор нэгэн айл амар амгалан аж төрж буйтай танилцаад гарсандаа сэтгэл дүүрэн байлаа.

Өдгөө 107 настай, Улсын аварга саальчин, Алтан гадас одонт, Алдарт эхийн нэгдүгээр одонт, Тавдугаар таван жилийн гавшгайч Ишдоригийн Бадамгарав гуайтай хэсэгхэн ярилцсан тэмдэглэлээ ийнхүү төгсгөе.

А.САЙХАНБАЯР

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу