Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили Их Британид айлчлах үеэрээ BBC-д өгсөн ярилцлагадаа “экс ерөнхийлөгч Михаил Саакашвилийг хордуулж, эрүүдэн шүүсэн” гэх мэдээлэлд итгэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр “Би үүнд итгэхгүй байна. Би түүнийг шоронд үхнэ гэж бодохгүй байна. Саакашвилиг шоронд үхэхийг зөвшөөрөхгүй. Ийм зүйл болохгүй. Холбогдох байгууллагуудтай өдөр бүр холботой ажиллаж байна” гэж онцолсон байна.

Зурабишвили экс ерөнхийлөгчийг өршөөх тухай асуудал нээлттэй хэвээр байгааг тэмдэглэжээ. Түүний хэлснээр, Саакашвилийг шоронгоос суллах өөр арга замууд бий, тухайлбал, шилжүүлэн өгөх арга байж болох юм” гэж хариулсан байна.

Саакашвили 2013 онд Гүржийг орхин явсан бөгөөд үүний дараа тус улс түүнд дөрвөн эрүүгийн хэрэг үүсгэн, хоёрт нь улстөрчид гурав, зургаан жилийн хорих ялыг “эзгүйд нь” тус тус оноожээ. Түүнээс хойш найман жилийн дараа буюу 2021 оны аравдугаар сард Саакашвили Гүржид нууцаар ирээд, удалгүй баривчилсан байна. 2022 оны тавдугаар сард биеийн байдал нь муудсаны улмаас түүнийг Тбилисийн “Вивамед” хувийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тэндээ эмчлүүлж байгаа аж.

Саакашвили болон өмгөөлөгчид, гэр бүлийнхэн нь түүнийг хүнд металлаар хордуулсан, мөн цагдан хорих газарт тарчлаан зовоосон гэж удаа дараа мэдэгджээ. Гүржийн эрх баригчид энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Тэр эрүүл мэндийн байдал нь ноцтой эрсдэлд орсон хэмээн “жүжиглэж”, суллагдахын тулд шаардлагатай хэмжээний хоол хүнсийг санаатайгаар аваагүй” гэж мэдээлсэн байна.

2023 оны хоёрдугаар сарын 6-нд Тбилиси хотын шүүх экс ерөнхийлөгчийн өмгөөлөгчдийн гаргасан “эрүүл мэндийн шалтгаанаар түүнийг суллах хүсэлт”-ийг хэрэгсэхгүй болгожээ. Мөн оны тавдугаар сард Европын хүний ​​эрхийн шүүх Саакашвилийн өмгөөлөгчдийн гаргасан “үйлчлүүлэгчийг Варшав руу эмчилгээ хийлгэхээр шилжүүлэх хүсэлт”-ийг хүлээн аваагүй байна.

Эх сурвалж: BBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу