“Байр захиалаад хохирсон иргэдийн холбоо” ТББ-ын тэргүүн Д.Санчир, тус холбооны гүйцэтгэх захирал н.Мөнх-Эрдэнэ, “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч Ж.Цогтсугар болон орон сууц захиалаад хохирсон иргэдийн төлөөлөл өнөөдөр (2024.02.29) орон сууц захиалагчдын мөнгөөр барилга барьсан компаниуд байруудыг давхардуулан зарж, иргэдийг хохироосон талаар мэдээлэл хийлээ.

Хохирогчид нийслэлд 70000 гаруй иргэн орон сууцны захиалга өгөөд, төлбөрөө бүрэн болон гэрээний дагуу төлсөн ч байрандаа орж чадаагүй байгааг мэдээлэв. Иймд хууль эрх зүйн хүрээнд төрийн оролцоог нэмэгдүүлэх, байр ашиглалтад орох хүртэл хяналт тавьдаг шигээ хатуу хяналттайгаар энэ төрлийн залиланд арга хэмжээ авахыг уриаллаа.

Тэд ирэх гуравдугаар сарын 10-нд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон бусад хүний дэмжлэгтэйгээр Хан-Уулын Соёлын төвд болох үндэсний хэлэлцүүлэгт оролцохоо мэдэгдэв.

“ОРОН СУУЦНЫ ЗАХИАЛГА АВААД, БАЙР БАРЬЖ, ОЛОН ХҮНД ДАВХАРДУУЛАН ЗАРЖ БОРЛУУЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАЗАР АВЛАА”

“Байр захиалаад хохирсон иргэдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал н.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Төлбөрөө бүрэн болон гэрээний дагуу төлсөн ч байрандаа орж чадаагүй иргэдийн тоо нэмэгдэж байна. Ийм иргэд нэгдээд хууль ёсны дагуу төлөөлөлтэй болох ёстой гэж шийдсэн учраас манай холбоог байгуулсан.

Нэг байрыг олон хүнд давхардуулан зарж борлуулсан гэмт хэрэг газар авлаа. Барилгын компаниуд гэрээгээр халхавчлан залилан хийж байна.

Байртай болохыг хүссэн иргэд мөнгө, санхүүгээр хохирдог, цаашлаад залуу гэр бүл салах, сэтгэл гутралд өртөх, амиа хорлох үзэгдэл газар авлаа. Гэтэл хууль, шүүхийн байгууллагын хаалга татаад явахаар бусдыг залилсан гэмт этгээдүүд нь олддоггүй, хамаг юмаа зарж борлуулаад алга болчихдог, буух эзэн буцах хаяггүй болсноор хуулийн дагуу арга хэмжээ авах үйл явц удааширдаг.

Барилгын компаниудад орон сууц барих зөвшөөрөл олгохдоо хатуу хяналт тавьдаг шигээ эргээд захиалга өгсөн гэрээний дагуу байраа хүлээлгэж өгдөг эсэх дээр нь хяналт тавимаар байна.

Барилга нь баригдаад, байрандаа орох гэхээр олон хүнд давхардаж борлуулсан, залилсан гэмт хэргийг нийгэм яагаад энгийн зүйл мэт хүлээн авч байна вэ. Үүнээс болж гарч буй хор уршиг, тухайн иргэний цаашдын боломж бололцоог хулгайлсан хохирлыг яаж тооцож, хэн хариуцах вэ.

“ГИШҮҮДИЙНХЭЭ ТӨЛСӨН ТАТВАРЫГ ХУРИМТЛУУЛААД, ХОЁР ӨРӨӨ БАЙР ЗАХИАЛСАН Ч БАЙРАНДАА ОРЖ ЧАДСАНГҮЙ”

Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ж.ЦОГТСУГАР: 

-Манай нийгэмлэгийг 20 шахам жил архидалттай тэмцэж байгаад яагаад гэнэт орон сууцны талаар ярих болов гэж хүмүүс гайхаж байж магадгүй. Манай байгууллага өөрсдийн гэсэн төвтэй болох зорилгоор хоёр өрөө байр захиалсан. Гишүүдийнхээ төлсөн татварыг хуримтлуулаад, байр захиалсан боловч жил шахам хүлээгээд, байрандаа орж чадсангүй.

Д.Сайнсанаа захиралтай “Ирээдүйн билэг” компани, төслийн захиалагч “Аврора Трэйд” компани, гэрээг гүйцэтгэгч н.Эрдэнэбаатар тэргүүтэй этгээдүүд нэг үгээр хэлбэл иргэдээс мөнгө авч, барилгаа босгочихоод, эргээд өөр хүмүүсээс мөнгө авч, тухайн байранд давхардуулж захиалга авч, анх мөнгө өгсөн иргэдийг хөсөр хаясан.

Улмаар өөрсдийнхөө хийсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд хуулийн баг ажиллуулж, нарийн зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Бид энэ хүмүүстэй тэмцэхийн тулд дотроосоо шинжилгээний баг хүртэл гаргасан.

“Долоон ишигний хэрэг”-ийг мөнгө угаасан гэмт хэрэг гэж хуулийнхан үздэг юм билээ. Бидний мөнгөөр байраа босгочихоод, зарж үрээд, яасан нь мэдэгдэхгүй алга болчихсон энэ үйлдлийг ямар гэмт хэрэг гэж үзэх вэ.

Бид туг далбаа бариад, орилж хашгирч тэмцэхгүй. Харин бодлогын хүрээнд арга хэмжээ авна. Төр засагтайгаа нийлээдг дүн шинжилгээ хийжг энэ дундаас ашиг олдог бүлэглэлийг илрүүлж, илүү том хариуцлага хүлээлгэх ёстой.

Энэ асуудал дээр гурван сар ажилласан шинжээчийн дүгнэлтийг танилцуулъя. “Хан-Уул дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан 100 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлсэн Д.Сайнсанаа захиралтай “Ирээдүйн билэг” компани, төслийн захиалагч “Аврора Трэйд”, ерөнхий гүйцэтгэгч н.Ганхуяг захиралтай “Эм Зэ Тэ”, гэрээг хамтран гүйцэтгэгч н.Эрдэнэбаатар захирал нар байр захиалсан иргэдийг хохироосон, төөрөгдүүлсэн.

Залилан мэхэлж, хуйвалдааныг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулсан байж болзошгүй аргаар, үлэмж хэмжээний хүүгүй мөнгө босгож, бизнес хийснээр иргэдийг эдийн засаг, сэтгэлзүй, оюун санааны хүнд нөхцөлд оруулсныг дүгнэлээ” гэсэн байна.

Аргаа барсандаа ийм байдлаар дүгнэж шинжлэхэд хүрлээ. Төрийн дунд шатны мэргэжилтнүүд ажлаа хийж чадахгүй бол гэртээ амарцгаа. Та нарын ажлыг бид хийе.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу