Дубайд өнгөрсөн Лхагва гарагт анх удаа “нисдэг хүмүүс” уралджээ. Тэд эгнэн зогсож, тийрэлтэт хөдөлгүүрээ асаан, хөөрөх зурвасаас хөдлөхөд чих дүлийрэм хүчтэй дуу чимээ сонсогджээ.

Дэлхийн хамгийн өндөр, тэнгэр баганадсан барилга, бусад гайхамшгуудын өлгий нутаг гэдгээрээ алдартай Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэлд анх удаа тийрэлтэт хөдөлгүүр бүхий тусгай өмсгөлтэй хүмүүсийн уралдаан зохион байгуулагджээ.

Нисэгчид “Жүжигчин Роберт Дауни Жуниорын бүтээж, олон улсад танигдсан “Марвел” студийн “Iron Man” киноны үйл явдалтай яг адил үйл явдал боллоо” гэж ярьжээ.

Энэхүү уралдааныг санаачлагч, “Gravity Industries” компанийн үүсгэн байгуулагч Ричард Браунин “Нисээд хүссэн газартаа хүрдэг болох хүний мөрөөдөлд хамгийн их ойртсон үйл явдал гэхэд болно” гэж ярьжээ.

“Gravity Industries” компани хэдэн жилийн өмнө өөрийн бүтээсэн тийрэлтэт хөдөлгүүр бүхий өмсгөлийг Их Британийн тэнгисийн цэргийн алба хаагчид өмсгөн, байлдааны хөлөг онгоцны тавцан дээр буулгаж, дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ.

Тус компани өнгөрсөн хугацаанд бүтээгдэхүүнээ улам сайжруулж, Дубай хотын Спортын зөвлөлд уралдаан зохион байгуулах санал тавьжээ. Дубай хотын эрх баригчид олон жилийн өмнөөс агаарын тээврийн янз бүрийн хэлбэрүүдийг сонирхон судалж, туршиж буй юм. Тухайлбал, сүүлийн жилүүдэд дэлхийн анхны нисдэг такситай хот болохоор идэвхтэй ажиллаж байгаа билээ.

“Нисдэг хүмүүс”-ийн уралдаанд тансаг зэрэглэлийн спорт машинуудаас илүү буюу 1500 морины хүчтэй тийрэлтэт хөдөлгүүр бүхий өмсгөлтэй нисэгчид оролцсон байна. Дубайд төвтэй “Эмират” компанийн Airbus A380, Boeing 777 нисэх онгоцуудтай ижил төрлийн түлш шатахуун хэрэглэдэг байна.

“Gravity” компаниас мэдээлснээр, өмсгөлийн хурд 128 км/цаг хүрэх боломжтой аж. Уралдааныг аюулгүй байдлыг бодолцон, усан дээр зохион байгуулсан бөгөөд нисэгчид усан дээр байрлуулсан саадуудыг тойрон уралджээ.

Өдгөө Дубайд амьдардаг, АНУ-ын Хьюстоны иргэн, 50 настай Женнифер Росс “Сансрын нисгэгчид нисч байгаа мэт Дубайд залуус усан дээгүүр нисч байгааг харах үнэхээр гайхалтай байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: AP, MVP
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу