Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ны Конгресс өнгөрсөн наймдугаар сарын 24, 25-нд Филиппин улсын Манила хотод болж, Монголын сагсан бөмбөгийн холбооны төлөөллүүд оролцсон юм. Энэ үеэр Азийн аваргуудын лигт Монголын багийг оролцуулах хүсэлтийг манай талаас тавьсан. Уг хүсэлтийг FIBA хүлээн авч, тэмцээнд Монголын багийг оролцуулахаар болсноо албан ёсоор зарлалаа. 

FIBA-гаас дэлхийн тив бүрийн сагсан бөмбөгийн лигийн аварга клубүүдын дунд Аваргуудын лиг (Basketball Champions League) зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээнийг дөрөвдүгээр сарын 3-наас эхлүүлэх гэж буй. Тус тэмцээнд Монгол Улс дараах байдлаар оролцох боломж бүрдлээ. Үүнд:

  • Монгол Улсад Азийн аваргуудын лигийн урьдчилсан шат нэгдүгээр тойрог (BCL-Asia Qualifier Round 1)-ийг зохион байгуулна. Нэгдүгээр тойрог дөрөвдүгээр сарын 3-наас 7-ны хооронд болно.
  • Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн аварга баг Монгол Улсаа төлөөлөн BCL Asia-д өрсөлдөнө. Нэмээд, тус тэмцээний эхний тойргийг зохион байгуулах эрхийг авсан тул зохион байгуулагч орны давуу эрхээр Монгол Улсаас хоёр баг орох эрхтэй боллоо. Өөрөөр хэлбэл, Үндэсний дээд лигээс шалгарсан хоёр баг “BCL Asia Qualifier Round 1”-д оролцоно.

Монгол Улсад найман баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Үүнээс дөрөв нь хоёрдугаар шатанд шалгарна. Хоёрдугаар шатнаас хоёр баг BCL Asia-д PBA, CBA, KBL, B League, FIBA WASL-аас шалгарсан, Азийн хамгийн хүчирхэг багуудтай ирэх зургадугаар сард өрсөлдөх боломжтой болох юм.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу