Макаод ирж буй монголчуудын гэмт хэрэгт холбогдох тохиолдлын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Засаг захиргааны онцгой бүсийн хил, гаалийн хяналт шалгалт чангарчээ. Сүүлийн таван жилийн хугацаанд Макаод Монгол Улсын нийт 169 иргэн гэмт хэрэгт холбогдсоны дийлэнх нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод ажлын айлчлал хийх үеэрээ Макаогийн Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Вун Сио Чактай уулзжээ.

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр (БНХАУ)-ын Засаг захиргааны онцгой бүс Макао аялал жуулчлалд суурилсан хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж буйг онцлоод, Монгол Улсын Засгийн газраас мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаагаа дурдсан байна.

Түүнчлэн Б.Энхбаяр сайд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод Монгол Улсын иргэдийг нэвтрүүлэхдээ хил, гаалийн нарийвчилсан шалгалт явуулж байгааг анхаарч, энэ асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахад нээлттэй байгаагаа тодотгожээ.

Уулзалтын үеэр Макаод Монгол Улсын иргэн хүний наймаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэгт холбогдсон асуудлаар хоёр орон мэдээллийг шуурхай солилцож, хамтын оролцоотойгоор энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох боломжтойг хэлсэн байна.

Макаогийн Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Вун Сио Чак хэлэхдээ Макаод аялагчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж буйг хэлээд, аялал жуулчлал тулгууртай орны хувьд гадаад, дотоод жуулчдын аюулгүй байдалд онцгой анхаарч ажилладгаа онцолжээ.

Уулзалтын төгсгөлд талууд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлд хууль хяналт болон холбогдох байгууллагуудын уялдаа холбоог ханган мэдээлэл солилцох, урьдчилан сэргийлж, таслан зогсоох чиглэлд үр дүнтэй хамтран ажиллах асуудлаар санал солилцсон байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу